Гадаргын ус хуримтлуулах “Туул усан цогцолбор” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил үргэлжилж байна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2025-11-20 02:04:38

Улаанбаатар хот ундны болон үйлдвэрийн усан хангамжаа газрын доорх гүний усны нөөцөөс бүрэн хангаж байна. Судалгаагаар 2040 онд нийслэлийн хоногийн усны хэрэглээ 772,450 шоо метр хүрэхээр байгаа нь усны шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий болгож буй. Иймээс газар доорх болон гадаргын усны нөөцийг нэмэгдүүлж, ашиглалтын найдвартай байдлыг баталгаажуулах, Улаанбаатар болон дагуул хотуудын урт хугацааны усан хангамжийг тогтвортой хангах зорилгоор “Туул Усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ. Тус төсөл нь Улаанбаатар болон дагуул хотуудын урт хугацааны ус хангамжийг тогтвортой байлгах, газар доорх болон гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, Туул голын урсцад тохируулга хийх замаар ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэх юм. Түүнчлэн ус цэнгэгжүүлэх байгууламж бүхий цогцолбор барилга байгууламж барьж, томоохон үйлдвэр, объектын ус хангамжийг шийдвэрлэх, усны эрчим хүчийг ашиглах, Туул голын сав газрын экосистемийн таатай нөхцөлийг бүрдүүлэх, үерийн аюулыг бууруулж улмаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах юм.
“Туул Усан Цогцолбор” төсөл нь ус хуримтлуулах боомт далан, ус дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж, бага оврын цахилгаан гаргах станц бүхий цогцолбор байгууламж байх юм. Урьдчилсан ТЭЗҮ-д тусгагдсанаар боомт нь 50-100 сая.м куб ус хуримтлуулах багтаамжтай, далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр хэмжээтэй байх юм. Төслийг 2025-2032 онд хэрэгжүүлнэ. Ажлын хүрээнд Усны газар болон нийслэлийн холбогдох байгууллагууд 2024 оноос Бүгд Найрамдах Энэтхэг Улсын KPIL (Kalpataru Projects International Limited) компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд ТЭЗҮ боловсруулж байна.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой мэдээ