“Улаанбаатар кап” тавдугаар сарын 13-ны өдрийг дуустал үргэлжилнэ
Нийгэм
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээнийг нийслэлийн Биеийн тамир, спортын газар “Монголын спортын шийдэл” ХХК-тай хамтран шинэчилсэн системээр 10 насны ангиллаар 4 үе шаттай зохион байгуулж байна.
Анхан шатанд 145.000 сурагч, дүүрэг, бүсийн шатанд 1000 орчим багийн 15,000 орчим сурагч оролцож байна.
“Улаанбаатар кап” нийслэлийн есөн дүүрэг болон нийслэлийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын ЕБС-ийн сурагчдын лигийн тэмцээн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эхэлж 2026 оны тавдугаар сарын 13-ны өдрийг дуустал зургаан сар үргэлжлэх юм.
“Улаанбаатар кап” шигшээ 32 буюу нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат 28 өдрийн турш дөрвөн зааланд зэрэг явагдаж өнөөдрийн байдлаар 1400 гаруй тоглолт зохион байгуулсан.
Ингээд өнгөрөгч сард төвийн зургаан дүүргийн ахлах ангиллын сагсан бөмбөг, волейболын төрлийн аваргуудаа тодруулаад байна.























