“Twitter” компанийн хувьцаа өсжээ
ДэлхийдАмерикийн бизнес эрхлэгч Илон Маск “Twitter” компанийн хувьцаа нэг бүрийг нь 54.20 ам.доллароор худалдан авах саналыг дахин тавьсны дараа тус компанийн хувьцааны ханш 22 гаруй хувиар /52 ам.доллар/ өсжээ.
“Twitter” нийгмийн сүлжээний компани мэдэгдэлдээ захидал хүлээн авсан талаараа дурдаад, компани хувьцааг 54.20 ам.доллароор худалдахыг зорьж байгааг тэмдэглэжээ.
АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны мэдээлснээр, И.Маск “Twitter”-т даваа гарагт захидал илгээсэн бөгөөд үүндээ энэ оны дөрөвдүгээр сарын 25-нд тохиролцсон хэлцлийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Сануулан дурдахад, И.Маск “Twitter”-ийг 44 тэрбум ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрснээсээ хойш хэдхэн долоо хоногийн дараа уг шийдвэрээсээ ухрахыг оролдсон бөгөөд долоодугаар сард гэрээг цуцлах хүсэлтэй байгаагаа тус компанид албан ёсоор мэдэгдээд байсан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ