“Өмнөговь бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Эдийн Засаг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-05-12 10:52:30

Даланзадгадын 50МВт-ын Дулааны цахилгаан станцыг санхүүжүүлэх “Өмнөговь бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо.

Монгол Улсын Засгийн газрын “Аймгийн үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай” тогтоол, Өмнөговь аймгийн ИТХ-ын “Аймгийн үнэт цаас гаргаж арилжих тухай” тогтоолыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос “Өмнөговь бонд”-ыг гаргах зөвшөөрлийг олгосон. Өмнөговь аймаг, “Мандал капитал маркетс” ҮЦК-тай хамтран үнэт цаас гаргах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж, анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор нээх “Цан цохих” ёслол зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Аймгийн Засаг дарга Н.Энхбат, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Монголын хөрөнгийн бирж ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхбат, “Мандал капитал маркетс ҮЦК-ийн гүйцэтгэх захирал А.Өлзийдэлгэр, Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдорж, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Амартөгс болон бусад албаны хүмүүс оролцож Даланзадгадын 50МВт-ын станцыг бүтээн босгох түүхэн үйл явдлын эхлэлийг хамтдаа бүтээлээ.
Нийт 500,000,000,000 төгрөгийн бондыг хэсэгчлэн гаргах юм. Үүнээс:
• 2026 онд: 150,000,000,000 төгрөг,
• 2027 онд: 300,000,000,000 төгрөг,
• 2028 онд: 50,000,000,000 төгрөгийг тус тус татан төвлөрүүлнэ.
2 жилийн хугацаатай, жилийн 16%-ийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,500,000 ширхэг “Өмнөговь бонд”-ыг олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 150 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх арилжаа Монголын Хөрөнгийн Бирж дээр ийнхүү эхэллээ.
Даланзадгадын цохилох зүрх болох Дулаан, цахилгаан хосолсон 50 МВт-ын станцын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулсан нийт хүмүүст талархал илэрхийлье.



Холбоотой мэдээ