Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөв

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-09-10 10:31:01

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга  Г.Занданшатар, Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ нар  “Хэлмэгдэгсдийн хөшөө”-нд  цэцэг өргөлөө. 


УИХ-ын дэд дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын  комиссын дарга С.Одонтуяа хэлэхдээ, “Дахин давтагдашгүй “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг нэг өдөр тэмдэглээд мартаж болохгүй юм. Хойч  үедээ ийм гашуун түүх байсан юм шүү, ирээдүйд давтагдах ёсгүй гэдгийг ойлгуулах, соён гэгээрүүлэх үүргийг Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах Улсын комисс анхаарч ажиллаж байна. Иймээс иргэдийнхээ нөхөх олговрыг хуулийн хугацаанд олгох, нэр төрийг нь сэргээх ажил чухал юм” хэмээв.


Хэлмэгдүүлэлтийг 1922-1990 оны хооронд авч үздэг бөгөөд энэ хугацаанд бүрэн бус мэдээгээр 36 мянган хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг.

Өнөөдрийн байдлаар 31 357 иргэнийг хэлмэгдсэнд тооцож цагаатгаад байна. Үүнээс давхардсан тоогоор 19 434 иргэнд 80 тэрбум 565 сая төгрөгийн нөхөх олговор, бусад дэмжлэгийг үзүүлээд байна.

Мөн хэлмэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэн, тэдний үр хүүхэдтэй хамтран олон хөшөө дурсгалыг бий болгож, залуус хойч үедээ түүхийн үнэнийг сануулж, учир шалтгаан хор уршиг, үр дагаврыг тодруулсан олон ном товхимол, баримтат бүтээлийг олон нийтэд хүргэжээ. Мөн улсын хэмжээнд нийт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай хөшөө, суварга, самбар, дурсгалын багана, музей зэрэг 200 гаруй обьектыг байгуулжээ.


Цэцэг өргөх ёслолд Нийслэлийн ИТХ-ын  дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын дарга Ж.Батбаясгалан болон албаны бусад хүмүүс, хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөд оролцов.




Холбоотой мэдээ