Монголын балетын үндэсний IV уралдааны бүртгэл аравдугаар сарын 15-нд эхэлнэ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2021-10-10 12:30:58


“Монголын балетын хөгжил сан” байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсын уралдаан наадам, дотоод гадаадын тэмцээн, мастер сургалт гээд олон арга хэмжээг зохион байгуулж Монголын балетын урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй мэргэжлийн цөөхөн байгууллагуудын нэг билээ. 

 Цар тахлын нөхцөл байдал хүндхэн  энэ үед ч тэд эрсдэлийг боломж болгон харж жил бүр зохион явуулдаг Балетын Үндэсний уралдаанаа хийх гэж байна.   

Дөрөв дэх жилдээ болох гэж буй балетын үндэсний уралдаан нь хүүхэд залуусыг  балетын урлагаар хичээллэх хүсэл сонирхлыг нь дэмжих, орчин нөхцөлийг нь сайжруулах, авьяас чадварыг нь улам хөгжүүлж,гадаад дотоодын тэмцээн уралдаан, сургалт, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг нээх зорилготой юм. Мөн орон нутгийн студид болон сургалтын байгууллагуудын холбоо харилцааг сайжруулах зорилгоор анх удаа цахимаар зохион явуулах гэж байна. 


Бүртгэл Аравдугаар сарын 15-аас Арваннэгдүгээр сарын 15 хүртэл бүтэн нэг сар үргэлжилнэ.  Хөдөө орон нутгаас оролцож буй хүүхдүүддээ илүү их боломж олгож, оролцуулах үүднээс хугацааг нь сунгаж байгаа хэмээн зохион байгуулагчид нь онцолж байна. Харин уралдааны шалгаруулалт Арваннэгдүгээр сарын 16-28-ны өдрүүдэд цахим буюу бичлэг хэлбэрээр явагдах юм байна.   

Балетын урлагаар хичээллэж буй 6-18 насны сурагч, оюутнууд, гадны улс оронд амьдарч буй тохирох насны Монгол сурагчид мөн Монгол дахь балетын сургууль болон студид суралцагч гадаадын иргэд оролцох боломжтой гэж Монголын Балет хөгжил сангийн тэргүүн, МУГЖ Д.Алтанхуяг онцолж байлаа. 


Энэ удаагийн тэмцээнийг Монголын сонгодог урлагийн сор болсон эрхмүүдээс гадна Солонгос, Япон, Хятад, Сингапур, ОХУ-аас дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шүүгчид шүүнэ. 

Монголын балет хөгжлийн сан, Балетын тэмцээн зохион байгуулах хороо хамтран уламжлал болгон зохион явуулж  буй энэхүү уралдааныг Швейцарын хөгжлийн агентлаг,  Соёлын яам, Боловсрол Шинжлэх Ухааны яам, Гадаад Харилцааны яам, Соёл урлагийн газар, Хаан банк  дэмжин хамтран ажиллаж байна.  

Уралдааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг Дөрөв дэх жилдээ болох гэж буй балетын үндэсний уралдааны  77070808, 80810808 дугаарын утаснаас авах юм байна. 

                                                                                                                      

Б.Энх-Ундрах

 

Холбоотой мэдээ