Д.Баярболд: Дархлаа сэргээх тун хийлгэсэн хүмүүсийн 99 хувь нь халдвараас хамгаалагдаж байна

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-10-25 04:40:50

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд Covid-19 цар тахлын 1095 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлын 808 нь Улаанбаатар хотод, 287 нь орон нутагт  бүртгэгджээ. Орон нутгаас Сүхбаатар аймагт халдварын хамгийн их буюу 40 тохиолдол батлагджээ. Мөн хугацаанд Covid-19-ийн улмаас 80 хүртэлх насны 6 хүн нас баржээ. Манай улсад цар тахлын халдвар бүртгэгдсэнээс хойш Covid-19-ийн шалтгаант өвчлөлөөр 1593 хүн нас бараад байна.

Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн улмаас улсын хэмжээнд 19093 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол хөнгөн хэлбэрийн оноштой 47487 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.


ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд: 

"Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон ХӨСҮТ-д хийсэн судалгаагаар хоёрдугаар тун хийсний дараа 14 хоногт дархлааны тогтоц буюу эсрэг биеийн титр маш өндөр болж байсан бол 28 дахь хоног, 60 дахь хоног дээр эсрэг биеийн титр буурч байсан. Мөн хоёр тун хийлгэсний дараа гуравдугаар тунгийн дархлаажуулалтын дараах  долоо дахь хоног дээр эсрэг биеийн титр 97 байсан бол 14 хоногийн дараа 600 болж өссөн. Виросел вакцин хийлгэсний дараа пфайзер вакцинаар дархлаа сэргээх тунг хийхэд долоо дахь хоног дээрээ үндсэн байгаа эсрэг биеийн титр нь дөрөв дахин нэмэгдсэн, 14 дэх хоног дээрээ 15 орчим хувиар нэмэгдсэн үр дүн байна" гэж мэдэгдлээ.


ЭМЯ-наас дархлаа сэргээх нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг иргэд олон нийтэд хандан уриалсаар байна. 

Дархлаажуулалтын нэмэлт тун нь таныг болон хайртай дотны хүмүүсийг тань аюулт халдвараас хамгаална гэдгийг ухамсарлан ойлгож, эрүүл энхийн төлөө үйлдлээрээ нэгдээрэй. 


 

Холбоотой мэдээ