Иргэн бүрд ээлтэй их хотын хөгжлийг хамтдаа бүтээцгээе
Улс ТөрЭрхэм хүндэт нийслэл Улаанбаатар хотын иргэд ээ, улаанбаатарчууд аа!
Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагын ажилтан, ажиллагсад, их хотын сайн сайхан, хөгжил дэвшил, хүн ардын төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж буй төрийн нийт албан хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа хүчний байгууллагын алба хаагчид, цэцэрлэг, сургуулийн багш, ажилчид, эрдэм номд шамдан суралцаж буй оюутан, сурагчид, хөдөө, орон нутгаас шилжин ирэгсэд, өв уламжлалаа дэлгэрүүлж, үүх түүх хуучлан суугаа өтгөс буурал Та бүхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн баярын мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Өдгөө Монгол Улсын нийт хүн амын 47.5 хувь нь оршин суудаг, ДНБ-ий 66.2 хувийг бүрдүүлдэг нийслэл хотын маань түүх 1639 оноос эхтэй бөгөөд түүх шастирт “Монгол гүрний төв цэг Их, Бага Монгол уулын хормой, Ширээт цагаан нуурын хөвөөнөө Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарын “Өргөө” шар бүсийн ордыг байгуулав” хэмээн тэмдэглэсэн нь өнөөгийн Улаанбаатар хотын эхлэл юм. Түүнчлэн тэртээ XII зууны хоёрдугаар хагаст буюу “Монголын нууц товчоо”-нд “Хэрэйд аймгийн удирдагч Ван ханы өргөө Туулын хар шугуй гэдэг газар байв” хэмээн тэмдэглэснийг одоогийн Улаанбаатар хотын суурь мөн хэмээн үзэх судлаачид цөөнгүй байдаг.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хувьд хотын үүсэл хөгжил, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг ямагт дэмжин ажиллахаа илэрхийлье. Учир нь Улаанбаатар хотын үүх түүх, өөрчлөлт шинэчлэлийн учир шалтгаан, нутаг орны сонгон суурьшсан эх үндэслэл зэргийг танин мэдэх нь шинэ Улаанбаатар хотын хөгжлийг зөв зурж, зөв төлөвлөж, зөв байгуулахын үндэс юм. Ийн аливааг уг үндэс, учир шалтгаанаар нь ойлгож гэмээн урагш илүү хол алхах боломж нээгдэх нь гарцаагүй юм.
Тиймээс ч өнгөрсөн жил гаруйн хугацаанд нийслэл хотын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор боловсруулсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хуульчлан батлуулж чадлаа. Уг хууль батлагдсанаар хот бие даан бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болсон бөгөөд улаанбаатарчуудын жилдээ татварт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг эргээд нийслэлийн бүтээн байгуулалт, түгжрэлийг цогцоор нь бууруулахад зориулах түүхэн шийдвэр Засгийн газраас гарсан нь нийслэл хотын хувьд цоо шинэ эргэлтийн цэг болж өгөв. Түүнчлэн 2010 оноос хойш удтал яригдсан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилго бүхий Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, шинээр дагуул хот байгуулах ажлыг эрчимжүүлж байна. Мөн Улаанбаатар хот төдийгүй орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нэгдэн Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог анх удаа байгуулж, хотын хөгжлийн төлөө нэг баг болон ажиллаж байгааг дуулгахад нэн таатай байна. Ингэснээр нийслэл маань ирэх жилүүдэд хүн төвтэй, орчин үеийн шийдэлтэй, зөв төлөвлөлттэй, тэлж хөгжсөн, иргэндээ ээлтэй хот болох бөгөөд Шинэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хамтран ажиллаж, хамтдаа бүтээхийг урьж байна.
Иргэн бүрд ээлтэй их хотын хөгжлийг хамтдаа бүтээцгээе.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР