УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн эх бичвэрийг хотын удирдлагуудад гардуулж өглөө

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-10-29 08:35:34


Нийслэл УБ хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн  энэ өдөр УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн эх бичвэрийг Нийслэлийн удирдлагуудад гардуулж өглөө. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагуу энэ хуульд 27 жилийн дараа томоохон өөрчлөлтийг хийгээд байгаа юм. Хууль хэрэгжиж эхэлснээр Нийслэлийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэх эрх зүйн боломж ийнхүү нээгдэж байна.

 

Монгол улсын хүн амын 50 хувь нь  амьдарч байгаа  Нийслэл хотод  замын түгжрэл, агаарын бохирдлоос эхлээд тулгамдсан олон асуудлууд бий. Эдгээр  асуудлуудыг шийдвэрлэхэд эдийн засгаа тэлэх, санхүүгийн боломжоо нэмэгдүүлэх үүд хаалгыг нээж өгсөн эрх зүйн томоохон шинэчлэлтийг УИХ хийж, Нийслэлийн эрх байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2021 оны  7-р сарын 7-ны өдрийн хуралдаанаар баталсан нь Нийслэлийн 382-р жилийн ойн өдөрт зориулсан томоохон бэлэгт зүй ёсоор тооцогдож байна. Хуулийн эх бичвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар  Нийслэлийн засаг дарга бөгөөд УБ хотын захирагч Д.Сумьяабазар, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нарт гардуулж өглөө. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ хууль батлагдсанаар  УБ хотын төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг бий болгох, санхүүгийн хувьд бие даасан байдлыг хангах зэрэг эрх зүйн томоохон үндэс суурийг бий болгож өгсөн гэдгийг онцоллоо.

  

Түүнчлэн  хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад Нийслэлээс сонгогдсон гишүүд, УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал хариуцсан түр хорооны гишүүд голлох үүрэг гүйцэтгэснийг онцлон дурьдлаа. Шинэ оноос эхлэн   Нийслэл хот тулгамдсан асуудлуудаа шийдэхэд эрх зүйн хувьд ямар нэгэн гацаа, саадгүй болж байгаа юм.  Хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэнэ.  

  

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УБ хотын Үндсэн хууль гэж хэлж болно. Хууль хэрэгжиж эхэлснээр  Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэхэд эрх зүйн талаас бүхий л боломжийг нээж өгч байгаа. Бие даасан эдийн засагтай болох суурийг тавьж өгч байгаа учраас нийгэм, эдийн засгийн хувьд хөгжил, дэвшлийг авчирна гэсэн томоохон хүлээлттэй байна. 

Хуулийн төслийн талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд нийт 15 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд төсөлд иргэн, хуулийн этгээдийн саналыг авахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудсанд байршуулж, олон нийтээр хэлэлцүүлж, холбогдох саналыг тусгажээ.

Холбоотой мэдээ