Улсын хэмжээнд 450 хүнээс коронавирус илэрч, халдварын тоо буурч байна
Life StyleСүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр 450 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Энэ нь сүүлийн зургаан сар орчмын хугацаанд нэг хоногт шинээр илэрсэн коронавируст халдварын хамгийн бага үзүүлэлт юм.
Хамгийн сүүлд 2021 оны тавдугаар сарын 18-нд 450-аас бага буюу 349 тохиолдол шинээр илэрч байжээ. Түүнээс хойш өдөр бүр улсын хэмжээнд 500-аас дээш хүн коронавирусээр халдварласан нь батлагдаж байв.
Шинээр илэрсэн тохиолдлын 366 нь Улаанбаатарт, 84 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Хэнтий аймагт халдварын хамгийн олон буюу 17, Архангай аймагт 15 тохиолдол батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны 8 хүн нас баржээ. Үүний нэг нь эмэгтэй, долоо нь эрэгтэй хүн байв. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1744 хүн нас бараад байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 12 741 иргэн эмнэлэгт хэвтэж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 34 015 хүн өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж байна.