О.Цогтгэрэл: Ардчилсан намын талцал нэг мөр шийдэгдсэн, дахин хэрүүл маргаан ярихгүй

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-11-08 04:54:50


Ардчилсан нам өнгөрөгч баасан гаригт Онц их хурлаа хийж, АН-ын даргаар Одонгийн Цогтгэрэлийг ёсчлон батламжилсан юм.  Ийнхүү АН-ын талцал, маргаан нэг талдаа гарч, туршлагатай, шинэ удирдлагын багаар хүч сэлбэгдсэн гэдгийг өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр олон нийтэд зарлав.

АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Их хурлаа хийж асуудлаа шийдвэрлэсэн. Онц их хурал зуун хувийн ирцтэй явагдсан. Цар тахлын нөхцөл байдлын улмаас өнгөрсөн хугацаанд биеэр уулзалдах боломж хомс байсан бол, энэ удаагийн хуралд төлөөлөгчид биечлэн ирж оролцсон юм. 

Онц их хурлаар АН-ын дотоод маргаанд цэг тавигдлаа. Хуралд оролцсон лидерүүд АН-ын дотоод асуудлыг шүүх, эрх баригчид шийдэхгүй гэдгийг хэллээ. Тиймээс цаашид АН дотоод хэрүүл маргаанаа дахиж  ярихгүй. АН засаг төрийг барилцаж, үзэл санааны шинэчлэл хийсэн намынхаа хувьд иргэний талд зогсож, хөгжил ярьсан сөрөг хүчин болж ажиллана. Иймээс ардчилалд хайртай монголчуудынхаа хөгжлийн төлөө хамтарч ажиллая гэдэг шийдвэрт хүрсэн. АН-ын Ерөнхий нарын бичгийн даргаар Л.Гантөмөр томилогдсон. Хуулийн шинэчлэлийн төлөө зоригтой дуугардаг, сайд асан  Х.Тэмүүжин мөн хамтарч ажиллахаар боллоо. Сэтгэл шулуудаж, намын нөхдийнхөө саналыг хүлээж авсанд туйлын баяртай байна. Нөгөө талд байгаа нөхдүүдэд үүд хаалга нээлттэй байгаа шүү. Та бүхнийг урин залсаар байгаа. Монголын ардчилал улам бадрах болтугай.


АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр:

-2024 оны УИХ-ын сонгууль хаяанд ирснийг та бүхэн мэдэж байгаа. Сонгуулийн маргааш улс төрийн намууд дараагийн сонгуульдаа бэлтгэж эхэлдэг. АН-ын нөхөд бид хоёр жилийг алдчихаад байна. Илүү өргөн улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй бол 2024 оны сонгууль илүү ээдрээтэй харагдаж байна. Бид хоцорсон ч араас нь явна. АН ажил хэрэгч улс төрийн хүчин байна. Цар тахлын улмаас олон айлын амьдрал сүйрч, бизнесээ хаалгаж, ажилгүй болсон. Бид илүү ажил хэрэгчээр асуудалд хандана. Олныг хамарсан ядуурал, ажилгүйдэл ямар дүр дүн авчрах вэ гэдгийг харж байгаа. Хоёр зүйлд анхаарч ажиллана. Ингэхдээ судалгааны байгууллагатай хамтарна. Энэ одоо хоногт судалгааны байгууллагуудтай уулзаж, судалгаанд суурилсан бодлого гаргана. АН-ын бүлгээ бид дэмжиж ажиллана. Бүлгийн гишүүд өнөөгийн байдлыг өөрчлөхүйц хуулийг санаачилна. Бодлого боловсруулах чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Тиймээс Бодлогын хүрээлэн байгуулж, бодлого гаргаж ирж чадахуйц хүмүүстэй хамтарч ажиллах юм. АН 145 суманд засаглаж байна. 




Холбоотой мэдээ