Худалдаа, үйлчилгээнийхэн нэмэлт тунд 2 дахь өдрөө хамрагдаж байна
Life StyleХудалдаа, үйлчилгээ эрхлэдэг ААН-үүд өөрсдийн хүсэлтээр дархлаа сэргээх вакцинжуулалтын 3 дугаар тунд өчигдрөөс хамрагдаж эхэлсэн. 3 өдөр явуулын 5 цэгийг үйлчилгээний газруудад байрлуулан иргэд, үйлчлүүлэгч нарыг мөн вакцинд хамруулж байна. Иргэд, үйлчлүүлэгч, үйлчлэгч нар харъяалал харгалзахгүйгээр “Файзер” болон “Синофарм”-ын “Вероселл” вакциныг сонгон хийлгэж байна.
Худалдаа, үйлчилгээний салбарынхан өглөөний 08 цагаас оройны 20 цаг хүртэл илүү цагаар ажилладаг, цаг зав чөлөө багатай байдаг учир тэднийг явуулын цэгээр дамжуулан дархлаажуулж байна. Үйлчилгээний салбарын 5-6 мянган иргэнийг дархлааг сэргээх нэмэлт тунд хамруулахаар төлөвлөжээ. Энд ресторан, сүлжээ дэлгүүр зоогийн газар, бусад үйлчилгээний газрын түрээслэгч нар хамрагдаж байна.
Дээрх үйл ажиллагааны гол зорилго гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын шар түвшинд орохын тулд зорилтот бүлгийнхэн нэмэлт тундаа ядаж 50 хувь хамрагдвал үзвэр үйлчилгээний бүх газар нээгдэх боломжтой болно гэж Монголын ресторан, зоогийн газрын холбооны ерөнхийлөгч М.Есөнмөнх онцолж бизнес, худалдаа эрхэлгчдийг нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байв.