Хэнтийн Батноров суманд “Талын түмэн адуу”-ны баяр болно
НийгэмДотоодын өвлийн аялал жуулчлалыг сэргээх үүднээс “Талын түмэн адуу” уламжлалт үйл ажиллагааг энэ сарын 19-21-нд Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулахаар болжээ.
Морьтны өв соёл, ёс уламжлалыг залуучуудад өвлүүлэх, адууг уналга эдэлгээнд тогтмол ашиглах, монгол бахархлыг төрүүлэх зорилготой уг үйл ажиллагааг “Мөнх харилцаа” ТББ-аас зохион байгуулж ирсэн юм. Энэ удаа 7 дахь болох үйл ажиллагаанд 2000 гаруй хүлэг оролцуулж, адуутай холбоотой үнэт эдлэлийн дуудлага худалдаа, гэр музейн үзэсгэлэн, тэмцээн, урлагийн тоглолт зохиохоор төлөвлөжээ.
“Талын түмэн адуу”-ны баяраар монголчууд хүлэг морьдынхоо өнгө зүс, ид хавыг гайхуулж морьтон эрчүүдийн “Удамт Монгол” морин жагсаалыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ нь дотоодын жуулчлалыг идэвхжүүлэх, монгол өв соёлыг сурталчлах, тусгай сонирхлын аяллыг хөгжүүлэх зорилгоор болж ирсэн юм.
Манай улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс “Хөх сувд" мөсний баяр, “Түмэн тэмээний баяр”, "Нүүдэлчдийн баяр" зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулдаг. Уламжлалт "Бүргэдийн баяр"-ыг жишээ нь ирэх сарын 4-5-нд Баян-Өлгий аймагт зохион байгуулах гэж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ