Их, дээд сургуулиудад ажиллаж буй дархлаажуулалтын түр цэгийн тоог нэмлээ
НийгэмНийслэлийн хэмжээнд 293 мянга гаруй хүн нэмэлт тунд хамрагдаад байна. Энэ нь нийслэлийн нийт хүн амын 27.3 хувь юм. Нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нэмэлт III тунд хамрагдчихвал Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хэвийн амьдралд шилжих боломж бүрдэнэ. Тиймээс дархлаажуулалтын түр цэгийг олон газарт нэмж ажиллуулж байна. Өнгөрсөн долоо хоногт томоохон зах худалдааны төвүүдэд 24 түр цэг нээсэн бол өнөөдрөөс зарим их дээд сургуульд дархлаажуулалтын түр цэгийг нэмж ажиллуулж буй юм. Өмнө нь МУИС, МЗХ дээр цэг ажиллуулж байсан бол өчигдрөөс ШУТИС, ХААИС, АШУҮИС-д вакцинжуулалтын цэг нээжээ.
-Дархлаажуулалтын нэмэлт тун хийх ажлыг манай АШУҮИС-ийн Оюутны хөгжлийн клубээс зохион байгуулж байна. Манай сургуулийн оюутнууд III тунд өргөн хүрээнд хамрагдаж байгаа. Ковид-19-ийн дархлаажуулалтын баг сургууль дээр ирж ажиллаад цаг гаруйн хугацаа болоход 100 гаруй оюутнууд хамрагдаад байна. Энэ түр цэг маань арваннэгдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд 10:00-17:00 цагт ажиллана. Энэ хугацаанд амжиж нэмэлт тундаа хамрагдвал сайн байна. Нэмэлт тунд хамрагдсанаар халдвар тусахгүй байхын дээр туссан ч хөнгөн тусдаг гэдгийг оюутнууддаа сануулж байна хэмээн АШУҮИС-ийн оюутнууд уриаллаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС