Бага ангийн сургалтын агуулга хэт хүнд байгааг тогтоожээ
НийгэмСурах бичигт дүн шинжилгээ хийсэн тайланг БСШУ-ны сайд хүлээн авлаа. 45 хүний бүрэлдэхүүнтэй баг 6 сарын турш ЕБС-ийн 174 сурах бичигт дүн шинжилгээ хийжээ. Агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн зэргийг онцгойлон судалсан болохоо онцолж байна. Тайлангийн дараагийн ажил нь сурах бичгийн журмыг шинэчлэх, сургууль бүрд дүгнэлтийг хүргэх чиглэлд анхаарах юм байна.
Боловсролын салбар өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад сурагч олж авсан мэдлэгээ амьдралд ашиглаж чаддаг. Харин манай улсын хувьд цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал болсон.
Боловсролын хүрээлэнгийн сурах бичгийн секторыг чадавхжуулах, бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарах, зөвлөх багш нарыг сурах бичиг боловсруулах ажилд татан оруулах, анги, хичээл, сэдэв хоорондын уялдааг сайжруулах шаардлагатай.
Сурагч анги дэвших тусам сурах сонирхол нь нэмэгдэх ёстой. Гэтэл манай улсад урвуу байдалд шилжсэн. Энэ нь бага ангийн сургалтын агуулга хэт хүнд байгааг олж харсан нь сурах бичгээ шинэчлэн сайжруулах ёстойг харуулж байна гэж ажлын хэсэг дүгнэжээ.