Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд нэгдлээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-12-13 01:54:57

Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд энэ сарын 10-ны өдөр нэгдэн орсноор уг гэрээнд нэгдсэн 57 дахь орон боллоо.


“Энэхүү гэрээнд нэгдэх нь үндэсний аюулгүй байдлын язгуур ашиг сонирхлыг хангана” гэж тус улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг 10 дугаар сард парламентын чуулганы үеэр хэлсэн юм.


Хойд талаараа ОХУ, урд талаараа БНХАУ-тай хиллэн цөмийн зэвсэгтэй орнуудын дунд оршдог Монгол Улс нь зэвсэг хураах чиглэлд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэйг цохон тэмдэглэсээр ирсэн юм. Тус улс нь 1992 онд цөмийн зэвсэггүй бүс гэдгээ албан ёсоор зарлан тунхагласан билээ.


Энэ оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Монгол Улс нь Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд нэгдэх нь хор хөнөөлтэй зэвсгийг хориглох олон улсын хүчин чармайлтад чухал ач холбогдолтой болохыг онцлоод, энэхүү гэрээ нь цөмийн зэвсгээс ангижрахад тус дөхөм болно гэдгийг тэмдэглэсэн юм.


Мөн Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд “хамгийн ойрын боломжит хугацаанд” гарын үсэг зурах, соёрхон батлах, нэгдэн орохыг бүх улс оронд уриалсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2018 оноос хойш жил бүр гаргаж буй тогтоолыг дэмжих, тууштай санал өгөх зэргээр гэрээг бүх нийтээр дагаж мөрдөхийг идэвхтэй дэмжиж ирсэн юм. 2017 онд Монгол Улс НҮБ-д болсон уг гэрээний талаарх хэлэлцээнд оролцож, батлах санал өгсөн 122 улсын тоонд багтсан байна.


Монгол Улс энэхүү бага хурлын нээлтийн үеэр гэрээ байгуулах үйл явцын дүнд "цөмийн зэвсгийг хориглох, бүрэн устгахад хүргэх хүчтэй, бат бөх, үр дүнтэй хууль эрх зүйн актыг бий болгоно" гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Гэрээг баталсны дараа тухайн үед Монгол Улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Ц.Мөнх-Оргил шинэ хэлэлцээрийг сайшаагаад, “өнөөгийн хурцадмал байдал нь цөмийн зэвсэгтэй холбоотой асуудлыг улам гүнзгийрүүлж байна” гэж тэмдэглэн хэлжээ.


Эх сурвалж: ICANW

Холбоотой мэдээ