Энхийг сахиулагчид эх орноосоо мордлоо

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-12-20 03:46:17

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны сүүлчийн буюу дөрөв дэх цуврааны бие бүрэлдэхүүн энэ сарын 19-нд эх орноосоо мордлоо.


Даян дэлхийн энхийн үйлсэд жинтэй хувь нэмэр оруулан, эх орон, төр, ард түмнийхээ хүлээлгэсэн нэр хүндтэй агаад өндөр хариуцлагатай албан үүргийг гүйцэтгэхээр БНӨСУ-ыг зорьж буй эдгээр энхийг сахиулагчдыг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг болон АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн албан тушаалтнууд хүндэтгэн үдэж, амжилт хүссэн юм.


Энэ үеэр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг хэлсэн үгэндээ, "Та бүхэн ажиллагааны өмнөх сургалтад амжилттай хамрагдаж, сургалтын дараагийн шатанд ЗХЖШ-ын удирдлагаас даалгасан өөрийгөө хөгжүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, дархлаажуулалтад бүрэн хамрагдах, хувийн бэлтгэлээ бүрэн хангах үүргийг амжилттай гүйцэтгэсэнд талархал дэвшүүлье. Ирэх жил бид монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ёслон тэмдэглэнэ. Энэхүү түүхт ойг арвин их амжилтаар угтаж, үүргээ үлгэр жишээ гүйцэтгэн өөрсдийн бодит хувь нэмрээ оруулна гэдэгт ЗХЖШ-ын удирдлага итгэл төгс байна" гэж онцоллоо.

Холбоотой мэдээ