Ж.Батбаясгалан: Хуулиас давсан шаардлагыг бизнес эрхлэгчдэд тавихгүй байхаар журамласан

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-12-21 02:41:35

НИТХ-аас 2011, 2016, 2019 онд баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”, “Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний журам”-д өөрчлөлт оруулах тогтоолын төслүүдийг хэлэлцэв.


Энэ нь Улаанбаатарт бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилготой. Улмаар төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг багасгах хүрээнд үйлчилгээ, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохтой холбоотой шаардлагагүй зарим зохицуулалтыг хасах, хүчингүй болгохоор тусгажээ. 


Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас олгож буй зөвшөөрлийн 225 нэр төрлийн үйлчилгээ байдаг. Үүнийг задалбал тусгай зөвшөөрөл 46, энгийн зөвшөөрөл 28, гэрээ байгуулж, гэрчилгээ олгодог 102, дүгнэлт тодорхойлолт олгодог 49 үйлчилгээ байгаа юм. Гэтэл эдгээрийн 74 нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна. Тодруулбал, уг хуулийн 5.2-т “Тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно” хэмээн заасан байдаг юм. 


Үүнтэй холбогдуулан НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Олон төрлийн зөвшөөрөл шаарддаг байдлыг халах шийдвэрийг тэргүүлэгчдийн хурлаар шийдлээ. Гол нь хуульд нийцэж, стандарт, эрүүл  ахуйн шаардлагаа хангах шаардлагыг л тавьж байна. Хүчингүй болсон тушаал, захирамж, тогтоолоос эхлээд ач холбогдлоо алдсан, дагаж мөрдөхгүй байгаа журмууд, хууль нь өөрчлөгдсөн ч дагаж мөрдөх журмаа шинэчлээгүй зэрэг асуудал бий. Ирэх оны эхнээс хэд хэдэн хууль шинээр хэрэгжинэ. Тиймээс хуульд байхгүй зүйлийг аж ахуйн нэгжээсээ шаардахгүй ажиллая. Энэ шийдвэр цар тахлын нөлөөгөөр унасан эдийн засгийг богино хугацаанд сэргээхэд түлхэц болно” хэмээв.



Түүнчлэн, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”, “Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний журам”-д байгаа “Зөвшөөрлийн гэрчилгээ” гэсэн томъёоллыг хасахыг тэргүүлэгчид дэмжжээ. Мөн хуулийн 5, 6 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 7.4, 7.5, 7.6, 8 дугаар зүйлийн 8.2, 8.4, 9 дүгээр зүйлийн 9.8, 9.9, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.6 дахь заалтыг хүчингүй болгохыг дэмжсэн аж


Ингэснээр стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүд бүх төрлийн үйлчилгээ эрхэлж, орлогоо нэмэх бизнесийн таатай орчин бүрдэх боломжийг баталгаажуулж байна гэж НИТХ-ын ХМОНХТ мэдээллээ. 

Холбоотой мэдээ