Б.Жавхлан: Ипотекийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулахаар төсөлд тусгасан

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-12-23 03:10:02

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг зургаан сараар сунгах саналыг дэмжлээ.


Улмаар уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барих болсон байна. 


Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан, “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд ипотекийн зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг хойшлуулж болно гэсэн заалт бий. Тэгэхээр энэ заалтыг цааш зургаан сараар сунгах асуудал төсөлд тусгасан байгаа. Гэхдээ зээлээ төлөх эсэх нь иргэдийн өөрсдийн сонголт юм. Зээлийн эх үүсвэрийг МИК гаргаж байгаа учраас эргэн төлөлтийг хойшлууллаа гээд банкуудыг эрсдэлд оруулахгүй гэж бодож байна. Энэ жил 750 тэрбум төгрөгийн зээл гарлаа. Өөрөөр хэлбэл, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулснаар банкууд эх үүсвэргүй болох асуудал байхгүй” гэлээ.


Дэлхий дахинд тархаад буй КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор уг хуулийг УИХ 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан. Улмаар 2020 оны арванхоёрдугаар сарын 31, 2021 оны нэгдүгээр сарын 29, зургаадугаар сарын 29-нд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ оныг дуустал сунгаад буй юм.


Ташрамд дурдахад, уг хуулийн хэрэгжих хугацааг дахин сунгахыг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг энэ сарын 20-нд хэлэлцэж, дэмжсэн юм.

Холбоотой мэдээ