УИХ-ын Хүндэтгэлийн чуулган боллоо
НийгэмҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага, нийслэлийн удирдлагууд биечлэн оролцов. Мөн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид цахимаар оролцов.
Хуралдааныг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр, Тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний 110 жилийн ойн мэнд дэвшүүлээд, энэ бол монгол үндэстний хэдэн мянганы түүх, төрт ёсны 2200 гаруй жилийн түүхэнд алтан үсгээр бичигдэж үлдэх үйл явдал гэдгийг тодотгов. Монгол Улс бусдын хараат болж, эрх чөлөөгөө алдаад байсан гашуун үеийг 1911 оны энэ өдөр эцэс болгож монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилснийг тэмдэглэв. Мөн Богд хаанд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсныг онцоллоо.
Улсаа сэргээн мандуулсан энэ өдөр монголчууд "тэнгэрийн цаг ирэв" хэмээн баясаж, баярын нулимс асгаруулан залбиран мөргөж байсныг нүдээр үзсэн гэрчүүд, гадаад, дотоодын элч төлөөлөгчийн дурдатгал, дэлхий дахины хэвлэлийн хуудсанд тэмдэглэснийг дурдав.
Өнөөдөр өглөө Өвөрхангай аймгийн Хархорин суманд орших Баруунхүрээнд хадгалагдаж буй Богд хааны шар тугийг цэнгүүлэх ёслолд тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, ЕТГ-ын даргын хамтаар оролцож, хүндэтгэл илэрхийлжээ. 110 жиийн өмнөх энэ өдөр төрийн тугийг шинээр залж мандуулсан нь дээрх шар туг юм. Богд хааны Шар тугийг Их эзэн Чингис хааны алтан ургийн гал голомт оршиж байсан, Чингисийн Их хар сүлдийг цэнгүүлэн тахидаг газарт үргэлжлүүлэн тахиж байх санаачилгыг УИХ-ын гишүүд гаргасныг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ тодотгов. Энэ нь ирээдүй хойч үедээ эх орон, эцэг дээдэс, түүх соёлоороо бахархах бахархлыг сэргээх чухал ач холбогдолтойг учирлав.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы индрээс үг хэллээ. Тэрбээр, Үндэсний эрх чөлөөний тэмцэл үргэлжилснээр, 1921 оны 7 дугаар сарын 11-нд Ардын хувьсгал, 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Анхдугаар Үндсэн хуулиа баталж байсныг онцоллоо. Түүнээс ч хойш монголчууд 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн зэрэг сорилттой нүүр тулж байсныг тэмдэглэв. Хагас зуун жил үргэлжилсэн тэмцлийн үр дүнд 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр Монгол Улс нэгдэн орж дэлхийн тавцанд алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсныг дурдав. Дэлхийн талыг эзэлж, Монголын их амар амгаланг тогтоож явсан монголчуудын сэргэн мандах эхлэл болсон, 1990 оны ардчилсан өөрчлөлт шинэчлэл хийж, орчин үеийн чиглэлтэй улс болон хөгжих үндсийг тавьсан өвөг дээдсээрээ бахархах учиртайг сануулав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, "Өвөг дээдсийнхээ үйл хэргийг мөнхжүүлэхийн зэрэгцээ хүчирхэг Монгол Улсыг үр хүүхэддээ үлдээх нь одоо бидний зорилт. Өнгөрсөн зууны түүх, Бүгд найрамдах улсаа тунхаглаж, тусгаар тогтнолоо бататгаж, эх орноо орчин үеийн чиглэлтэй улс болгон хөгжүүлж чадсан, Хүннү гүрнээс улбаатай Их Монгол Улсын тулгын галыг бадраасан агуу үйл хэргийг хэргийг мартаж болохгүй, түүхэн гавьяа юм" хэмээгээд, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал нь зөвхөн хил хязгаар, улс орны аюулгүй байдлаар хязгаарлагдахгүй гэдгийг сануулав.
Тэрбээр, шинэ зуунд улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа улам бататгах шаардлагатайг цохон тэмдэглэв. Энэ хүрээнд цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахыг зэрэгцээ эдийн засгийн хохирол багатай даван туулахад анхаарах ёстойг тэмдэглэлээ.
Эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах их үйлсийн эхлэл "халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод" байх ёстойг тодотгов. Энэ хүрээнд төрийн тэргүүний хувьд, ирэх 100 жилд хөгжлийн дараах 10 зорилт дэвшүүлж, түүнийг нь хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг УИХ, Засгийн газарт уриалав.
Нэг. Эх орноо эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж, цаашдаа эрчим хүч экспортлогч орон болох ёстой.
Хоёр. Газрын тосны бүтээгдэхүүн, түлш, шатахуунаа эх орондоо үйлдвэрлэж, нефтийн аж үйлдвэрийг хөгжүүлэх ёстой.
Гурав. Хүнсний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох учиртай.
Дөрөв. Хүнд, хөнгөн үйлдвэрийг барьж байгуулан алт, зэс, төмөр, нүүрс, бусад байгалийн баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг, аж үйлдвэржсэн, экспортлогч орон болох ёстой.
Тав. Автозам, төмөр зам, агаарын зам, байгалийн хий хоолой зэрэг дэд бүтцийн үндэсний сүлжээг барьж байгуулан хэвтээ, босоо тэнхлэгийг холбосон тээвэр, ложистикийн нэгдсэн сүлжээг бий болгож, олон улс, бүс нутгийн сүлжээнд холбож транзит Монгол болох ёстой.
Зургаа. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын цөм технологи болох хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг өгөгдлийг нэвтрүүлж инновацад чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж цахим үндэстэн болох ёстой.
Долоо. Унаган байгаль, нүүдэлчдийн өв соёл, зан заншил, түүх, уламжлалд түшиглэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлж эдийн азсгийн тэргүүлэх салбар болох учиртай.
Найм. Банк санхүү болон хөрөнгийн зах зээлийн хөгжүүлж ухаалаг смистемийг нэвтрүүлэн олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын идэвхтэй тоглогч болж Монгол Улс бүс нутгийн санхүү, хөрөнгө оруулалтын шинэ төв болох учиртай.
Ес. Орон зайн оновчтой бүтэц, нутагшилт суурьшлын зөв тогтолцоотой, метрополитан хотыг хөгжүүлж хот хөдөөгийн хөгжлийг хурдасган улс орноо бүсчлэн хөгжүүлэх учиртай.
Арав. Эх дэлхийгээ шүтэн хайрладаг ард түмэнтэй, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалдаг төр засагтай ногоон монгол болох зэрэг зорилт болно. Эдгээрийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс хүчирхэг эдийн засагтай, хөгжингүй улс болно гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо.
Түүнээс гадна хүн төрөлхтөн цар тахлыг даван туулах сорилттой тулгарч байгаа ч ногоон хөгжлөө хойш тавьж болохгүйг сануулав. Монгол Улсын агаарын дундаж хэм сүүлийн 80 жилд 2.2 хэмээр дулаарсан нь дэлхийн дунджаас 2 дахин өндөр үзүүлэлт юм. Манай улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн. Ялангуяа 45.4 хувь нь хүнд болон нэн хүнд цөлжилттэй байгаа нь туйлын сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байгааг Ерөнхийлөгч учирласан. Тэрбээр, "Хөрсөө алдана гэдэг тусгаар тогтнолоо алдаж байгаатай агаар нэг, үндэсний аюулгүй байдлын асуудал юм. Тиймээс НҮБ-ын индрээс 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох мод тарьж ургуулахаа мэдэгдсэн. Энэ хүрээнд Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Иргэн бүр энэ ажилд сэтгэл зүрх, гар биеэ оролцуулах учиртай. Байгаль орчноо хайрлаж өссөн хүн улс орноо хайрладаг зөв хүн болж төлөвших нь дамжиггүй" хэмээсэн юм.
Ташрамд дурдахад, УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуулиар 12 дугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх өдөр болгосон. Харин 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, эл өдрийг баярын өдөр болгохоор хуульчилсан бөгөөд бүх нийтээр амардаг болсон юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ