“Оюу толгой” төслөөс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэх тогтоолыг батлав
Улс ТөрУИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” тогтоолынг батлав.
Төсөлд Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэхээр тусгажээ. Мөн “Дубайн гэрээ” буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахаар тусгасан байна. Түүнчлэн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах саналыг тусгажээ. Мөн татварын актын биелэлтийг хангуулахаар тусгасан юм.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо зарчмын зөрүүтэй хоёр санал ирүүлжээ. Тухайлбал, уг төслийн 1.4 дэх заалтын “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, “Оюу толгой” ХХК-д хувьцаа эзэмшигч болон гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй байх гэсэн санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ.
Уг төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.1 хувь дэмжсэнээр эцэслэн батлав.