ДЭМБ-ын тэргүүн 2022 онд цар тахлыг ялан дийлнэ хэмээн өөдрөгөөр харж байна

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-01-03 04:12:25

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус 2022 онд улс орнууд “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авахын төлөө хамтран ажиллаж, цар тахлыг ялан дийлнэ хэмээн өөдрөгөөр харж байгаагаа мэдэгдлээ.


Тэрбээр шинэ оны мэдэгдэлдээ явцуу үндсэрхэг үзэл баримталж, вакциныг нөөцлөхөөс зайлсхийхийг уриалжээ. ДЭМБ Хятад улсад үл мэдэгдэх уушгины хатгалгаа өвчний тохиолдлууд бүртгэгдсэн талаар анх мэдэгдсэнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрч буй юм.


Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар “COVID-19” халдварын 287 сая тохиолдол илэрч, 5.5 сая орчим хүн халдвараар нас баржээ. Өдгөө дэлхий дахин шинэ жилийн баяраа цомхон хүрээнд тэмдэглэж, олон орон иргэдийн олноор цугладаг үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.


Улс орнуудыг хилээ хаахад хүргэж, гэр бүлийн гишүүдийг салган тусгаарлаж, зарим оронд амны хаалтгүйгээр гэрээсээ гарахыг төсөөлөхийн аргагүй болгоод буй коронавирусний халдварын үр дагавар хүмүүсийн өдөр тутмын амьдралд нөлөөлсөн хэвээр байна.


ДЭМБ-ын тэргүүний хувьд энэ бүхнийг үл харгалзан өдгөө “COVID-19”-ийг эмчлэх эм хэрэгслүүдийн тоо нэмэгдсэнийг цохон тэмдэглээд, ийнхүү нааштай мэдэгдлийг хийжээ. Гэхдээ вакциныг тэгш бус хуваарилсан хэвээр байвал вирусний хувьсан өөрчлөгдөх эрсдэл нэмэгдэнэ гэдгийг анхааруулсан байна.


Тэрбээр, “Зарим улс орон явцуу үндсэрхэг үзэл баримталж, вакциныг нөөцөлж байгаа нь тэгш байдлыг ганхуулж, “омикрон” хувилбар шинээр үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн. Цаашид ийм нөхцөл байдал үргэлжилсээр байвал вирус урьдчилан сэргийлэх, таамаглах боломжгүй хэлбэрээр хувьсан өөрчлөгдөх эрсдэл нэмэгдэнэ” гэдгийг онцлоод, “хэрэв бид тэгш бус байдлыг зогсоож чадвал цар тахлаас ангижирч чадна” хэмээн цохон тэмдэглэжээ. 


Улс орнуудын халдварын нөхцөл байдлын тухайд

  • “Омикрон” хувилбарын талаар дэлхий нийтэд анх мэдээлсэн Өмнөд Африкт шинэ хувилбарын халдварын оргил үе өнгөрсөн бололтой байгааг мэдэгдээд, шөнийн цагаар хөл хорих цагийг цуцалжээ.
  • Германы вирус судлаач Кристиан Дростен “омикрон” хувилбараар халдварласан тохиолдлуудын хүндрэх эрсдэл бага байгаа тухай мэдээллийг эш татан, “харьцангуй хэвийн” өвөл болно гэж найдаж байгаагаа “ZDF” телевизэд мэдээлжээ.
  • Их Британи, Итали, Грек зэрэг хэд хэдэн оронд өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ.
  • Дахин олон мянган нислэг цуцлагдсаны тэн хагас орчим нь агаарын тээврийн компаниудын ажилтнуудын дунд халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэж буй АНУ-д бүртгэгдсэн байна.
  • Францын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд “омикрон” улсын хэмжээнд давамгайлан тархаж буй хувилбар болсныг мэдэгджээ. Ерөнхийлөгч Эмманюэль Макроны хувьд ирэх хэдэн долоо хоног хүндхэн өнгөрөх төлөвтэй байгааг сэрэмжлүүлсэн ч ирэх оныг өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлжээ.
  • Израил “COVID-19”-ийн вакцины дөрөв дэх тунг тарихыг зөвшөөрсөн дэлхийн анхны орнуудын нэг боллоо.

Т.Гебрейесус мэдэгдлийнхээ үеэр мөн зарим улс оронд вакцинжуулалтын түвшин сул байгааг дурджээ.


Тодруулбал, Европ, АНУ-ын хүн амын дийлэнх нь вакцины эхний тунд хамрагдаад байгаа бол 2021 оны эцэс гэхэд улс орон бүрийн хүн амын 40 хувийг бүрэн вакцинжуулах ДЭМБ-ын зорилт Африкийн ихэнх оронд биеллээ олоогүй байна.


Урьд нь ДЭМБ-ын тэргүүн чинээлэг орнуудыг дэлхийн вакцины нөөцийг “хамж”, зарим орны иргэд эхний тундаа хамрагдахыг хүлээж байхад хүн амынхаа дийлэнхийг бүрэн вакцинжуулж байна хэмээн шүүмжилж байсан билээ.


ДЭМБ цар тахлыг зогсоохын тулд 2022 онд шинэ зорилтыг дэвшүүлээд буй нь долоодугаар сар гэхэд дэлхийн бүх улс орны хүн амын 70 хувийг вакцинжуулах юм. 


Дэлхийн улс орнуудын хүн амын "COVID-19"-ийн вакцинд бүрэн хамрагдсан үзүүлэлтийг өнгөөр ялган үзүүлсэн байдал


Эх сурвалж: BBC


Холбоотой мэдээ