МҮОХ-ноос Өвлийн олимпын XXIV наадамд оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүлэв
Нийгэм“Бээжин-2022” Өвлийн олимпын XXIV наадамд өрсөлдсөн Монгол Улсын хоёр тамирчны сүүлийн тэмцээн /2022.02.11/ амжилттай болж өндөрлөлөө.
Хамгийн сүүлд ОУХМ Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорьж, 99 тамирчнаас 65 дугаар байрт шалгарсан билээ.
Жанчхүүд хүрэлцэн очоод буй МҮОХ-ны удирдлагууд олимпын наадамд оролцсон тамирчид, багийнхандаа хүндэтгэл үзүүлэв. МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул нарыг мөнгөн шагналаар урамшуулж, бэлэг дурсгалын зүйл гардуулав.
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн найман гишүүн болох Б.Баттүшиг, Э.Бадар-Ууган, Ц.Сандуй, Б.Бат-Эрдэнэ, А.Ганбаатар, Ч.Наранбаатар, Т.Амаржаргал, Ж.Түмэн-Аюуш нар хувиасаа мөнгө гарган хамгийн сүүлийн үеийн сайн чанартай цана тамирчдадаа авч өгсөн бөгөөд манай тамирчид тэрхүү цаныг хөлөглөн олимпын наадамд уралдсан билээ.