Хөрөнгө оруулалтаар хэрэгжих 22 ажлын тендер зарлахад бэлэн болжээ
НийгэмУлс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод хийх бүтээн байгуулалтын бэлтгэл, зохион байгуулалтын тухай нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын 10 удаагийн захирамжаар 105 төсөл, үйл ажиллагаа Худалдан авах ажиллагааны газарт эрх шилжжээ. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 32 төсөл, үйл ажиллагаа, нийслэлийн төсөв, орон нутгийн болон авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 73 ажил байна.
Эдгээрээс улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ангилбал Барилга хот байгуулалтын яамнаас 17, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 13, Эрүүл мэндийн яамнаас 2 ажил шилжиж ирсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх 32 ажлаас 3 нь дүүрэг рүү шилжиж, 29 нь нийслэлд төвлөрч байгаа. Үүнээс 19 ажлын техникийн тодорхойлолт, даалгавар нь иржээ.
Нийслэлийн орон нутгийн сан, авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 73 ажлын 22 нь тендер зарлах хэмжээнд бэлтгэл хангасныг Г.Энхтайван тэмдэглэв.
Нийслэлд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалттай холбоотой Засаг даргын орлогч Р.Дагва “Улаанбаатар хотод зураг төсөвгүй, асуудлыг нь тухай бүр шийдэж чадаагүй хөрөнгө оруулалтын ажил мэр сэр бий. Иймд хөрөнгө оруулалтын ажилд бүх байгууллагын дарга, Засаг даргын орлогч нар чиглэл чиглэлээр анхаарал тавьж ажиллах”-ыг хүсжээ.