“Улсын Их Хурал ба сэтгүүл зүй” цуврал сургалт хүний эрх сэдвийн хүрээнд боллоо

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2022-02-25 02:46:05

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газраас хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдэд зориулсан “Улсын Их Хурал ба сэтгүүл зүй” цуврал сургалтыг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран /2022.02.24/ сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, үйл ажиллагаагаа хүний эрхэд суурилсан арга зүйгээр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хоёр дахь удаагийн сургалт Төрийн ордонд боллоо. 

Сургалтад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх Б.Номинчимэд, УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Ж.Хунан болон албаны бусад хүмүүс оролцов. Сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа удирдан, чиглүүлж явуулсан.

Сургалт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын “Үндсэн хууль ба хүний эрх” сэдвийн илтгэлээр эхэллээ. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд Улсын Их Хурлын харьяа байгууллагын чиг үүргийн хүрээнд Үндсэн хууль болон хүний эрх, эдийн засаг, аудитын хяналт шалгалт, авлигатай тэмцэх зэрэг чиглэлээр хэвлэл мэдээллийн ажилтнуудаа мэдлэг, мэдээллээр хангах зорилгоор цуврал сургалтуудыг зохион байгуулж буйг онцлон тэмдэглэсэн.


 1992 онд баталсан Үндсэн хуульд хүний эрхийн асуудлыг тодорхой тусгаснаараа ач холбогдолтой. Үндсэн хууль гэдэг  угтаа хүний эрх. Ардчилал, хүний эрх, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал энэ бүхэн нийлээд хүний эрх болдгийг илтгэлдээ тодотгов. 1992 оны шинэ Үндсэн хуулийн гол үзэл баримтлал нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хууль  болсон гэж олон улсад үнэлэгддэг. Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт 18 зүйлээр хүний эрхийг тунхагласан. Тэрхүү 18 зүйл нь хүний эрх, эрх чөлөөг хангасан 60 үндсэн эрхийг тусгасан байдгийг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ дурдаад Үндсэн хуульд тунхагласан хүний эрхийг органик болон бусад хуулиудад бүрнээ тусгах асуудал учир дутагдалтай байсан тул  Улсын Их Хурлаас хүний эрхийг дээдэлсэн парламент болох зорилт тавьсан гэдгийг онцлон тэмдэглэж байлаа. 


                                              УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ