Монгол оюутнуудыг Украинаас бүрэн гаргалаа
Улс ТөрУкраинд сурч байсан оюутнуудыг тус улсын нутаг дэвгэрээс гаргах ажил дууссан гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр дээрх мэдээллийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.
Монгол Улс Украинд байгаа иргэдээ татан авах ажлыг өнгөрсөн сарын 25-нд эхэлсэн бөгөөд Харьковт байсан 15 оюутан өнөөдөр Польшийн хилээр нэвтэрчээ. Ингэснээр хүсэлт гаргасан нийт 58 иргэнээ татан авч чадсан. Энэ ажилд Монгол Улсаас Украин улсад суугаа Өргөмжит консул болон Польш дахь ЭСЯ идэвхтэй ажилласныг Гадаад харилцааны сайд онцлов.
Мөн Украинд байнга оршин суудаг иргэд ч нутаг буцах хүсэлт гаргаж эхэлсэн байна. Тухайлбал, Киев хотоос 3 иргэн ирэх хүсэлт гаргажээ. Эдгээр иргэдийг татан авах ажлыг мөн зохион байгуулах юм байна.
Украин улс тэтгэлэгт хөтөлбөр ихээр зарладаг бөгөөд гадаадын 150 орны 80 мянган оюутан сурч байжээ. Эдгээр орнууд оюутнуудаа татан авах ажлыг ихэвчлэн өнгөрсөн сарын 28-наас эхлүүлсэн байна.
Эх сурвалж. ГХЯ