Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмнэ

Нийгэм
tergel@onlinetvmn.com
2022-03-03 08:14:24


“Бага насны хүүхдийн цогц хөгжилд хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоо” зөвлөлдөх уулзалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан, МХАҮТ, IWFCI байгууллага хамтран зохион байгууллаа.


Анхны хувийн цэцэрлэг 2001 онд байгуулагдсанаас хойш өнөөдөр 481 хувийн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх чиглэлд байгууллагын цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжин ажиллаж байгаа юм.

Улсын хэмжээнд байгууллагын дэргэдэх 25 цэцэрлэг байна. Эдгээр байгууллагын 73 салбар бүлэгт 1893 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Цаашид цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг бүрэн хамруулахдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдэх юм.

Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг хэрэгжүүлсэн “Тэсо” групп, Улсын II төв эмнэлэг зэрэг байгууллагын сайн туршлагыг зөвлөлдөх уулзалтын үеэр сонслоо.

Улсын II төв эмнэлгийн тухайд өнгөрсөн онд 100 хүүхдийн ортой цэцэрлэгийг байгуулсан бөгөөд цаашид бүлгийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.

“Тэсо” группийн нийт ажилтны 60 хувь нь 2-5 настай хүүхэдтэй. Эдгээр ажилтныхаа хүүхдийг цэцэрлэгт хамруулах үйлчилгээг байгууллагын дэргэдэх цэцэрлэгээр шийдвэрлэжээ. Үүний үр дүнд ажилтнуудын сэтгэл ханамж 9 хувиар нэмэгдсэн байна. Тэдний туршлагаас судлан Монос эмийн үйлдвэр, Сүү хувьцаат компани зэрэг хувийн хэвшлийнхэн байгууллагынхаа дэргэд цэцэрлэг байгуулахаар ажиллаж байгаа юм. Хувийн хэвшлийнхэн цэцэрлэг байгуулах туршлагаа харилцан ярилцаж, саналаа хэллээ.

Байгууллагын цэцэрлэгийг байгуулахад төрөөс:

-Мэргэжлийн удирдлага

-Нэг хүүхдэд ногдох хувьсах зардал

-Хүүхдийн хоолны зардал

-Мэргэжлийн багшаар хангах, багшийн мэргэжлийг дээшлүүлэх үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх юм. 




Холбоотой мэдээ