Монголоо мандуулья” төслийг эхлүүлнэ

Улс Төр
tergel@onlinetvmn.com
2022-03-15 08:11:02

УИХ-ын дарга Г. Занданшатарын хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгнээс…

Онцлох ишлэлүүд 

 

Парламентад цахим шилжилт хийнэ

 

E-petition цогц системийг олон улсын жишиг аргачлалын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүлж, иргэдээс хуулийн төсөлд санал авах, иргэдтэй хамтран хэлэлцүүлэг хийх, иргэдийн хүсэлт, гомдлыг хүлээн авах,иргэддээ парламент бүрэн нээлттэй байх гэсэн 4 үндсэн функцтэй “D-Parliament” сайт, апликэйшнийг нэвтрүүлэх гэж байна. Үүгээр парламентын үйл ажиллагаа шилэн болж, иргэдийн гарт, гар утсан дээр нь очно гэсэн үг юм.

Иргэд нийгэмд тулгамдаж буй халуун сэдвээр тус платформ дээр цахим хэлэлцүүлэг өрнүүлж, тэр нь хуульд заасан тодорхой тооны хүний дэмжлэгийг авбал асуудлыг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэх боломж бүрдэнэ.

 

Монголоо мандуулья” төслийг эхлүүлнэ 

 

Монголоо мандуулъя” төслийг эхлүүлэхээр Улсын Их Хурал санаачлаад байна.

 Монголчуудын оюун сэтгэлгээний дархлаа болсон эх оронч үзэл, үндэсний өв соёлоо дээдлэх үзлийг бэхжүүлэх нь Монголынхоо ирээдүй хойчсын өмнө бидний хүлээх журам үүрэг юм.

Энэхүү төслийн зорилго нь үндэсний бахархалт өв соёлоо дээдлэх, уламжлалт зан заншлаа өвлөндэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, архидалт, ажилгүйдэл, авлигаас ангижрах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч ард түмэн болох, ядуурлаас салж, хөгжин дэвшихэд чиглэх болно.

Энэхүү аяныг хот хөдөөгүй монгол хүн бүр, байгууллага, аж ахуйн нэгж болгон дэмжиж ажиллахыг уриалъя.

 

Парламентын ардчиллыг төлөвшүүлэх шинэ зорилт дэвшүүллээ 

 

Энэ удаагийн Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн парламент байж, батлан гаргаж буй хуулиуддаа хүний эрхийг амин сүнс болгон суулгах, хөгжлийн монгол загвар бий болгож, эдийн засгийн Шинэ сэргэлтийн замд орох талаар дэвшүүлсэн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай чармайх болно.

Улмаар эдгээр 2 үндсэн зорилго дээрээ нэмж нэг шинэ зорилго дэвшүүлж байгаагаа Та бүхний анхааралд толилуулъя. Энэ бол парламентын төгөлдөршил буюу парламентын ардчиллын хөгжил шинэтгэлийн тухай асуудал юм. 

Парламентын ардчиллыг төлөвшүүлэх талаар 4 асуудлыг онцолъё гэж бодож байна. 

Нэгдүгээрт, Парламентын засаглалыг сонгон замнасан өнгөрсөн 30 жилд бид туршлага, сургамжийн аль алиныг хуримтлуулсан. Сонгуулиар засаг төрөө эмхлэн байгуулдаг, олон намын төлөөлөлтэй, ардчилсан парламентын засаглалд эргэлт буцалтгүй шилжсэн нь яахын аргагүй том ололт. 

УИХ-ын хяналт шалгалтын хууль нь шударга ёсыг тогтоох, төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлэх амин чухал зорилтыг хэрэгжүүлэх чухал арга хэрэгсэл мөн. 

Хоёрдугаарт, Парламент ард түмнээ бүрэн дүүрэн төлөөлөх учиртай. Бид ард түмний төлөөллийг  хангалттай хэрэгжүүлж чадаж байгаа юу? Нийгмийн кластерийг бүрэн төлөөлж чаддаг уу, иргэдийн засаглах эрхийг эдлүүлж чадаж байгаа юу гэвэл, бүрэн хангалттай биш байгаа. Энэ нь олон хүчин зүйлээс хамаарч байж болох ч одоо мөрдөгдөж буй эрх зүйн тогтолцооноос нэлээд хэмжээгээр хамаарч буйг хэлэх хэрэгтэй. 

Тухайлбал, сонгуулийн тогтолцооны асуудлыг дурдаж болно. Тиймээс сонгуулийн тогтолцооны олон хувилбаруудаас Монголын нөхцөлд хамгийн тохиромжтойг сонгон хэрэглэх нь парламентын төгөлдөршил, намуудын төлөвшил, ардчилсан засаглалын ирээдүй, Монгол Улсын эрх ашигт гарцаагүй чухал гэдгийг бодолцож, шийдэл гаргах цаг болсон.

Гуравдугаарт, Маргаан дагуулдаг өөр нэг асуудал бол парламентын гишүүдийн тооны тухай яриа юм. Үндсэн хуулийг баталж байх 1992 онд манай улс 2.1 сая иргэнтэй байсан бол одоо 3.4 сая болсон байна. Гучин жилийн өмнө нэг гишүүн 27.6 мянган хүнийг төлөөлж байж. Одоо нэг гишүүнд 44.7 мянган иргэн ногдож байна. Даруй 1.6 дахин өссөн гэсэн үг. Энэ хэрээр төлөөлийн чадамж суларсан байна. Тиймээс сайжруулах, эргэж харах цаг болсныг улс төрийн намуудын зөвлөгөөнөөр намуудын төлөөлөл онцолж байсан.

Дөрөвдүгээрт, Парламентад цахим шилжилт хийх нь зайлшгүй зорилт мөн. Улсын Их Хурлын 2024 он хүртэлх Стратеги төлөвлөгөөнд Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, иргэдийн оролцоог дэмжсэн цахим орчин бүрдүүлж, олон нийтэд нээлттэй, ил тод цахим парламент болох зорилтыг дэвшүүлсэн. 

 

Холбоотой мэдээ