Х.БАТТУЛГА: Манай улс сонгодог парламенттай байх уу, үгүй юү гэдгийг шийдэх сунгаа болно
Улс ТөрАрдчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигчид өнөөдөр /2022.03.16 / батламжаа намынхаа ДСХ-оос гардаж авлаа. Ардчилсан намын даргын сунгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөж байна. АН-ын дотоод журманд зааснаар 21 аймгаар тойрч мөрийн хөтөлбөрөө намын гишүүд дэмжигчиддээ танилцуулна.
Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авах үеэр Х.Баттулга “Өнөөдөр Хэнтий аймгаас нар зөв тойрч ард иргэдтэйгээ уулзана. Ардчилсан намын даргын сунгаа тус намын асуудал биш. Монгол Улс парламентын засаглалтай, сонгодог парламент байх уу, үгүй юу гэдгийг шийдэх сунгаа болно. Тийм учраас Ардчилсан намын дарга нарын сунгаа гэж битгий бодоорой. Төрийн гурван өндөрлөг нэг намаас байх хэцүү гэдгийг бид амьдралаараа мэдэрч, туулж байгаа. Тийм учраас Ардчилсан нам парламентад тодорхой хүчин зүйлтэй суух эсэхийг шийдэх сонгууль болно хэмээн бодож, өөрийгөө тус сунгаанд сойж байна” гэлээ.