Г.Занданшатар: АХБ-аас зээл авч, малчдад хашаа барьж өгнө гэх мэдээлэлд үнэн, зөв тайлбар өгнө үү?

Улс Төр
tankhil99@onlinetvmn.com
2022-03-25 08:16:22

Энэ долоо хоногийн байнгын хороодын хуралдаанаар Монгол улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэхтөсөл/-ийг хэлэлцсэн. Гэтэл хэлэлцүүлгийн үеэр малчдын хашаа хороог энэ төслийн хүрээнд санхүүжүүлэх нэрийдлээр мөнгө угаах гэж байна хэмээх шүүмжлэл олон нийтийн дунд өрнөсөн. 

 

Харин өнөөдөр /2022.03.25/ Баасан гарагийн нэгдсэн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Давасүрэн,  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хандан асуулга тавьсан юм. Асуулгын үеэр тус төслийн талаар өрнөсөн шүүмжлэлийг УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар зөв тайлбар мэдээлэл өгөхийг холбогдох албаныханд санууллаа. 

 

Тэрбээр: “Хашаа хорооны зээл авах гэж байна хэмээн баахан шуугиан дэгдлээ, гадаад дотоодгүй бөөн шүүмжлэл өрнөлөө. Энэ үнэхээр хагас эрчимжсэн мал ахуй болох гэж байгаа, бэлчээрийг хашаажуулж таримал ургамал тарих  гэж байгаа, тэрнийхээ хашаа хороо шинэ загварын хагас суурин мал аж ахуйн  хашаа хороог хэлж байгаа юм уу зөв ойлголт өгөхгүй бол  хашаа хороонд зээл олгох гэж байгаа юм шиг, Монгол улсын  өрийг нэмэгдүүлэх гэж байгаа юм шиг буруу ойлголт нийгэмд өгчихлөө. Энэ нь дараа дараагийн хэлэлцүүлэгт сөрөг нөлөө учруулаад байна. 

Арай ч олон улсын байгууллага, бүхэл бүтэн яам, айлын хашаа хороог засахад Азийн хөгжлийн банкнаас зээл авах гэж байгаа гэж бодохгүй  л байна. Нийгэмд эхлээд зөв мэдээллийг  өгөх хэрэгтэй байна.  Үнэхээр ийм зориулалтын зээл авах гэж байгаа бол өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөх эрх нь төсвийн зохицуулах нэгж дээр байгаа. Тэгвэл УИХ-аас чиглэл өгөөд, үр ашигтай зарцуулах, нэн хөнгөлөлттэй 20-30 жилийн хугацаатай зээлийг их зөв үр ашигтай ашиглаж, мал аж ахуйд хувь нэмэр болбол, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож бэлчээр хамгаалах, бэлчээрийн ургамал тариалахыг уламжлал шинэчлэлд тулгуурлан хөгжүүлэх талаар ямар хувь нэмэртэй зээл  болох тухай  зөв ойлголтыг нийгэмд өгмөөр байна” гэлээ. 

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы өгсөн мэдээллээр 30 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжих юм байна. Уг төслийн хүрээнд мал эмнэлгийн 54 аж ахуйн нэгжийг чадавхжуулах, 14 мянган малчдыг хоршоолж, малын гаралтай бүтээгдэхүүний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэн, бэлчээрийн даацыг сайжруулна хэмээн төлөвлөж байгаа юм байна. Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хил залгаа 20 орчим суманд энэ төсөл хэрэгжинэ гэж салбарын сайд мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ