"Таеквондо Пүмсэ" ДАШТ-д Монголын баг оролцов
НийгэмБНСУ-ын Гояан хотноо зохион байгуулагдсан "Таеквондо Пүмсэ" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцжээ. Цар тахлын улмаас хоер жил хойшлогдоод байсан "Таеквондо Пүмсэ" ДАШТ дөрөвдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд Генги мужийн Гояан хотод болсон байна. Залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд болсон 2022 оны ДАШТ-д 70 орны 984 тамирчин, албаныхан оролцон шилдгүүдээ тодруулжээ. Тодруулбал, тамирчин 760, албаны ажилтан 224 хүн оролцсон байна. Украины гурав, Этиопын нэг тамирчин оролцсоноос гадна ахмадын ангилалд олон шилдэг тамирчид өрсөлджээ. 2018 онд Тайваньд болсон тэмцээнд 59 орны баг тамирчид оролцож байжээ. БНСУ анхны тэмцээнийг 2006 онд Сөүлд, 2007 онд Инчон хотод зохион байгуулж байсан бол 15 жилийн дараа эх орондоо дахин дэлхийн аваргуудыг тодруулж, түүхэн амжилтыг үзүүлсэн байна. Монголын таеквондогийн баг тамирчид энэ удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцож цар тахлын дараах анхны ДАШТ-дээ амжилттай оролцлоо. Тодруулбал, 13 тамирчин, шүүгч, орчуулагч болон албаны бүрэлдэхүүнтэй баг Гояан хотод ажилласан байна.
Монголын таеквондогийн холбооны Ерөнхйлөгч Б.Онон, дэд ерөнхийлөгч П.Батхүү нар тэмцээний үеэр Азийн таеквондогийн холбоо, БНСУ-ын таеквондогийн холбоо, Дэлхийн таеквондогийн төв Куккивон байгууллагын төлөөлөгчидтэй олон чухал асуудлуудын хүрээнд албаны уулзалтууд хийжээ. Мөн тэд БНСУ-д ажиллаж амьдарч буй мастер тамирчин ОУХМ С.Ариунболд Биеийн тамир, спортын хорооны "Жуух" бичиг, ОУХМ М.Түмэнбаяр Монголын үндэсний олимпын хорооны "Алдар одон"-оор шагнагдсаныг гардуулжээ. ДАШТ-ий онцлох мэдээллийн нэг бол шүүгчийн тангарагыг Олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар өргөж, дэлхийн олон орны тамирчдын бэлтгэсэн үзүүлбэрийг шүүн явуулжээ. Мон Сөүлийн үндэсний Их сургуулийн оюутан С.Жаргал орчуулагчаар ажилласан байна. ДАШТ ганцаарчилсан, хосын болон багийн төрлүүдээр шилдгүүдээ тодруулсан бөгөөд БНСУ-ын баг тамирчид 20 алт, 6 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар багийн дүнгээр илт илүүрхэн түрүүлжээ. Вьетнам, Тайвань, АНУ-ын баг тамирчид удаах байранд орсон байна. Ч.Болорчулуун