Япон Украины асуудлаар ОХУ-д үзүүлэх олон улсын шахалтад нэгдэхийг Монголд уриалжээ

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-05-02 02:16:46

Украин дахь түрэмгийллийн хариуд ОХУ-д үзүүлэх олон улсын шахалтад нэгдэхийг Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт ням гарагт уриалжээ.


Улаанбаатар хотод болсон уулзалтын үеэр Х.Ёшимаса Москвагийн түрэмгийлэл олон улсын хууль тогтоомжийг зөрчсөнөөс гадна Ази дахь олон улсын дэг журмын үндэс суурийг ганхуулж байгаа тул дэлхий дахины нэгдмэл байдал туйлын чухал байгааг Б.Батцэцэгт хэлсэн гэж Японы Гадаад хэргийн яам мэдээлсэн байна.


Б.Батцэцэгийн хувьд “Монголын байр сууринд тулгуурласан тайлбарыг өгсөн” гэж тус яам мэдээлсэн нь Улаанбаатар Оросын эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авсан Өрнөдийн орнуудтай нэгдэх хүсэлгүй байгааг харуулж байгаа бололтой байна.


Энэхүү байр сууриа илэрхийлэхийн сацуу Украинд нэн даруй гал зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь зөв гэж хэлснээс өөр Х.Ёшимасагийн хүсэлтэд хэрхэн хариу өгсөн нь тодорхойгүй байна гэж Японы Засгийн газрын төлөөлөгч хэлжээ.


Монгол Улс нь БНХАУ, ОХУ-ын дунд оршдог, Зүүн Азийн далайд гарцгүй орон бөгөөд эрчим хүчний хангамж, худалдаа, мөн цахилгаан эрчим хүчний хувьд хоёр их гүрнээс ихээхэн хамааралтай байсаар ирсэн гэдгийг Японы Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.


Гуравдугаар сарын эхээр Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Оросын түрэмгийллийг зэмлэн буруушаасан тогтоолд санал өгөхөөс түдгэлзсэн юм. Энэхүү тогтоолыг НҮБ-ын 193 гишүүн орны 141-ийн саналаар баталсан билээ.


Хоёр орны Гадаад хэргийн сайд нарын хувиар анх удаагаа биечлэн хийсэн уулзалтын дараа Х.Ёшимаса, Б.Батцэцэг нар Монголын залуу төрийн албан хаагчдыг Японд магистрт сургахад 260 сая иений тусламж үзүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.


Мөн Монгол Улс нь БНАСАУ-тай нягт харилцаатайг харгалзан сайд нар Пёньяны пуужингийн болон цөмийн хөтөлбөр, 1970-1980-аад оны үед хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг зохицуулахад үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцсон байна.


Ням гаргийн орой Х.Ёшимаса Монголын сүмоч, Ёкозүна Харүмафүжигийн 2018 онд үүсгэн байгуулсан Шинэ Монгол Харүмафүжи сургуульд зочилжээ.


Японы Гадаад хэргийн сайд мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хэлэлцээ хийсэн юм.


Х.Ёшимаса өнгөрсөн пүрэв гаргаас эхэлсэн таван өдрийн айлчлалынхаа хүрээнд Казахстан, Узбекистанд мөн айлчлаад байна.

Японы Гадаад хэргийн сайд Х.Ёшимаса өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана.

Холбоотой мэдээ