Нийслэлийн удирдлагууд 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа
НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдах албан тушаалтнууд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа.
Уулзалтад 60 гаруй иргэн оролцож, тулгамдсан 37 асуудлаар санал, хүсэлтээ илэрхийлэв. Иргэд газрын зөрчил, барилга, автомашины зогсоол, эрүүл мэндийн тусламж зэрэг асуудлыг онцлон хөндлөө. Тухайн асуудлуудад холбогдох албаныхан хариу тайлбар өгч, иргэдийн гомдол, саналыг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.
Иргэд нийслэлийн удирдлагууд ийнхүү хүлээн авч уулзан, асуудлыг нь сонсож, шийдэл гаргахаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч байгаад талархаж буйгаа хэлж байв. Мөн гүйцэтгэх албан тушаалтнууд Хотын даргын нэрийг барьж, хууль бус үйлдэл хийдэг, ажилдаа хариуцлагагүй хандаж, иргэдэд ихээхэн хүнд суртал үүсгэдэг талаар нийслэлийн удирдлагуудад илэрхийлж байсан юм.
Уулзалтын үеэр Хотын дарга иргэдэд тулгамдсан асуудлыг судалж, долоо хоногийн дотор хариу өгөх, хуулийн хүрээнд асуудлыг нь шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС