Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалтыг цахимаар хийнэ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-06-10 02:40:05

Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны зургадугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түр ирэгчийн Монгол Улсад байх хугацаа сунгах, гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэх 2 төрлийн  үйлчилгээний хүсэлтийг цахимаар хүлээн авна. Тодруулбал, Гадаадын иргэн Монгол Улсаас бүр мөсөн гарах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй тохиолдолд биечлэн ирж оршин суух зөвшөөрлийн бүртгэлээс хасалтаа хийлгэн, оршин суух үнэмлэхээ хураалгадаг байсан. Тэгвэл энэхүү үйлчилгээг хялбарчлах зорилгоор оршин суух бүртгэлээс хасалт хийх хүсэлтийг ийнхүү цахимаар (https://immigration.gov.mn/mn/residence-permit-cancel/ ) хүлээн авч, шийдвэрлэхээр боллоо. Харин оршин суух үнэмлэхээ хураалгаж,  паспортод тэмдэглэгээ хийлгэхдээ хилээр гарах үедээ хилийн боомтод эсвэл өөрт ойр байрлах Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон боомт орон нутаг дахь салбар нэгж, аймгууд дахь ахлах мэргэжилтнүүдэд хандах боломжтой.

Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу түр ирэгч гадаадын иргэн Монгол Улсад байх визийн хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгуулах хүсэлтийг биечлэн ирж мэдүүлдэг байсныг халж байна. Ингэснээр  түр ирэгч гадаадын иргэн Монгол Улсад байх хугацаа дуусахаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө цахимаар (https://immigration.gov.mn/mn/visa-extension/) хүсэлтээ ирүүлж, байх хугацаагаа сунгуулах боломж бүрдлээ.

Цахим үйлчилгээг  https://immigration.gov.mn цахим хуудсаар авах боломжтой бөгөөд хүсэлтээ ирүүлэхдээ бүрдүүлэх баримт бичгийн жагсаалттай сайтар танилцаж, мэдээллээ нягталж ирүүлэхийг анхааруулж байна.


Эх сурвалж: ГИХГ

Холбоотой мэдээ