Бичлэг: Цагдаа нар сэтгүүлчийг хүч хэрэглэн машинд оруулчихаад, хоорондоо "шоронд нь хатаачихмаар сэтгүүлчид олон байна аа" гэж инээлдэцгээж байсан гэв

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-06-10 06:55:28

Богдхан уулын Дугуй цагаан руу явах зам дахь амралтын газар сурвалжилга хийж байсан gerelnews.mn сайтын сэтгүүлч, зураглаачийн биед цагдаа нар халдсан хэрэг өчигдөр гарлаа. 

Цагдаагийн алба хаагчид сэтгүүлчийн камер, микрофон, гар утас зэрэг эд зүйлсийг хураан авч, зургаан цаг баривчлан саатуулсан талаар gerelnews.mn сайтын сэтгүүлч цахим хуудастаа нийтлэв. 

Тодруулбал, "Баривчлагдахаас өмнө 8-9 цагдаа хүч хэрэглэн лайв зогсоож, тэр дор нь лайвуудыг устгаж эхэлсэн. Утас, камераа авахаар нэхэж цагдаа нартай хэсэг чаргууцалдсаны эцэст хэд хэд удаа 3-4 цагдаа нарт хүчтэй дэлсүүлэв. Ингээд цагдаагийн саарал фургон ирж 10 гаруй цагдаа бууж ирээд бүх талаас зулгааж чирэн фургон руу хүчээр оруулж, орохгүй гэж эсэргүүцэхэд хэдэн ч удаа цохиулсан юм бүү мэд.

Нэг мэдэхэд фургоны шалан дээр хацраараа хэвтэж дээрээс хэд хэдэн цагдаа гишгэчихсэн хоорондоо шоронд нь хатаачихмаар сэтгүүлчид олон байна аа гэж инээлдэцгээж байсан" гэжээ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлд,

  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй.
  • Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй хэмээн тус тус заасан байдаг билээ. 
Холбоотой мэдээ