Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Соёлын элч Мухит Чоуханыг хүлээн авч уулзав
НийгэмМонгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.06.15) Бүгд Найрамдах Энэтхэг Улс дахь Монгол Улсын Соёлын элч Мухит Чоухан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс өөрийн чухал гуравдагч хөрш болох Энэтхэг Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг, тэр дундаа соёл иргэншил, түүх, оюун санаа, соёлын хэлхээ холбоотой болохыг уулзалтын эхэнд тэмдэглэв.
Соёлын элч ноён Мухит Чоухан Монгол Улсын Их Хурлын даргын 2021 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн айлчлалын үр дүнд манай хоёр улсын соёлын харилцааг улам бэхжүүлэхээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон. Энэ хүрээнд Монгол Улсад зочлох хугацаанд Бурхан багшийн их дүйчэн өдөр ариун чандар эрдэнийн ринсрэлийг Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залах ёслол, Монгол, Энэтхэгийн орчин үеийн харилцааны бат бэх суурийг тавилцахад үнэтэй хувь нэмэр оруулсан “Кушок Бакула Ринбүүчи”-гийн нэрэмжит шуудангийн маркийг нээх анхны өдрийн ёслолд тус тус оролцлоо, мөн өнөөдөр Фантастик продакшны уран бүтээлчидтэй уулзаж, кино урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар чухал уулзалт болсон гэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Мухит Чоуханыг Соёлын элчээр томилогдох урилгыг хүлээн авсанд талархал илэрхийлээд “Болливуд”-тай кино урлагийн салбарын хамтын ажиллагаагаа эхлүүлэх, тус студийн зарим киноны зураг авалтыг Монголд хийх санал гаргаж байсан нь биеллээ олж байгаад баяртай байна. Бид Улсын Их Хурлаар Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталж, гадаадын хуулийн этгээд дангаараа болон Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран олон улсад түгээх зорилгоор кино бүтээх тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгохоор хуульчилсан гэв.
Талууд соёл урлагийн хамтын ажиллагааг илүү шинэ түвшинд гаргах нь чухал гэдэгт санал нэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдлүүд