“Хар авдар” номын нээлт болно

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2022-06-17 03:54:52

Залуу зохиолч Доржгочоогийн Уранбилэгийн “Хар авдар” хэмээн түүхэн зөгнөлт номын нээлт Зургадугаар сарын 17-ны өдрийн 17.00 цагт Тусгаар Тогтнолын Ордоны “Хүндэтгэлийн танхим”-д болно.

“Хар авдар” түүхэн зөгнөлт туужийн хувьд бичлэгийн өвөрмөц содон хэлбэр,  цэвэр сэтгэмжийн хэв шинжтэй бөгөөд тэс ондоо агуулгатай олон бүлэгт хэсгүүдэд хувааж бичигдсэн юм. Тиймээс орчин үеийн дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэхүйц зохиол болсон гэж номын шүүмжлэгчид үнэлж байна.  Мөн сэтгүүл зүйн нийтлэлийн илэрхийлэл ч уг номонд шингэжээ. 

Зохиолын агуулга нь бөө эзэн хамаг Монголын хаан Хабулын зарлигийг эс биелүүлж чадсандаа ихэд хилэгнэж, хамаг цусаа чулуун хар авдарт юүлж, эцэг дээдсийн уур хилэн, өшөө хорсол, хилэнт харууслыг хураан нэгэн алтан сахиусанд шингээсэнээрээ ад мөрийн ертөнцийг уншигчийн өмнө нээж байна. Тийнхүү ертөнцөд асар их гай гамшиг тарих шидэт хар хайрцгийг олох эрэлд зүсэн зүйлийн адал явдал, санаанд оршгүй хачирхалтай үйл явдлууд өрнөнө.

Түүхэн зохиол хэдий ч зөгнөлт гэдэг утгаараа хийсвэр, зөн билэгдэлт, ид шидийн, гайхаш төрүүлэм олон ертөнцөөр уншигч таныг аялуулна. Зохиолын дэвшүүлсэн гол санаа нь “Хүмүүс бид энэхүү сав ертөнцөө хэрхэн аврах вэ?” гэсэн түүхэн асуулгыг тавьж, ирээдүйн гэрэл гэгээ, сайн сайханд итгэн найдаж буйн тухай юм. 

Зохиолч Доржгочоогийн Уранбилэгийн хувьд энэхүү ном нь түүний 7 дахь уран бүтээл аж.  Тэрээр өмнө нь “Зүрхэнд дуссан нулимс”, “Цагийн хүрдэн”, “Сэтгэлд жаргасан наран” зэрэг түүхэн туужуудаа уншигчдын гарт хүргэж байжээ. Харин “Хүчирхэг удирдагч байх ухаан” ном нь хилийн дээс давж Япон болон Өвөр Монголд  орчуулагдан хэвлэгджээ.

Холбоотой мэдээ