Богдхан уулын тусгай хамгаалалттай бүсэд газар олгодог асуудлын үр нөлөөг ярилцлаа
Нийгэмвлигатай тэмцэх газрын Дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй ажлын уулзалт хийж, байгаль орчин аялал жуулчлалын салбар дахь авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга зам, боломж, авлига үүсгэх шалтгаан, нөхцөлийг хэрхэн арилгах талаар ярилцлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Шударга байдлын үнэлгээ”-гээр өнгөрсөн онд улсын хэмжээнд сүүл мушгисан тул нэлээд олон зүйлийг засаж залруулах шаардлагатайг сайд Б.Бат-Эрдэнэ хэлээд өнгөрсөн 5 сарын хугацаанд тусгай зөвшөөрөл хүлээж авах системийг цахимжуулсан, цахимаар ирүүлсэн хүсэлтийн дагуу зөвшөөрлийг олгохдоо хүний нөлөө орохоос сэргийлэхээр ажиллаж байгаа талаар танилцуулав.
Богд хан уулын тусгай хамгаалалттай дархан цаазат газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар тусгай зөвшөөрөл олгох, аялал жуулчлалын кэмп барина гэж зөвшөөрөл гаргуулаад зориулалтыг нь өөрчлүүлж, орон сууц баригддагаас үүдэн хотын захиргаа ба яам хоёрын дунд зөрчилтэй асуудал үүсээд байгаа бөгөөд дархан цаазат төрийн тусгай хамгаалалттай бүсэд газар олгож олон жилийн өмнөөс ужгирсан маргааныг цэгцлэх зэрэг цаашид хууль эрх зүйн талаас хэрхэн засаж сайжруулах боломжийн талаар талууд ярилцлаа.
Авлигатай тэмцэх газар 2020 оноос цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсгийн хүрээнд энэ асуудлыг тусгайлан шалгаж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотой эрүүгийн 9 хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс харьяаллын дагуу шалгаж байна. Одоогийн байдлаар Богд хан уулын тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар 2800 иргэн, аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Үүний 660 орчим нь зөрчилтэй бөгөөд 280 гаруйг нь яамнаас цуцалжээ.