Монголчууд анхны бие даан эрхлэх цахилгаан холбоотой болсон нь
НийгэмҮндэсний эрх чөлөөний хувьсгалын 111 жилийн ойд зориулан туурвиж буй Буянаагийн Ган-Очирын нийтлэлээс хүргэж байна.
Монголчууд 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнүүлж Манж Чин улсын эрхшээлээс гарч тусгаар тогтнолоо дэлхий дахинаа зарласан. Туурга тусгаар улс орны хувьд улс орныхоо улс төр, эдийн засгийг сэргээн босгохын тулд бүхий л салбарт бие даасан бодлого баримталж, аливаа асуудлыг өөртөө эрхлэн явуулж эхэлсний нэг нь цахилгаан холбоог монголчууд өөрсдөө эрхлэн явуулах болсон хэрэг юм.
ТӨМӨР УТАСНЫ ГЭРЭЭ
Монгол нутаг дээр анх Хаант Орос улс, Хятад улсын Засгийн газар одоогоос зуу гаруй жилийн өмнө 1892 оны 8 дугаар сарын 13-нд төмөр утасны гэрээ байгуулсны дагуу Халх монголын нутаг дундуур цахилгаан мэдээний шугам утас тавьж, харилцан нэвтрэлцэх тухай зөвшөөрөлцсөн гэрээ байгуулжээ. Гадаад улс хооронд худалдаа арилжаа хөгжүүлэх үүднээс 1898 онд Хиагт, Их Хүрээний хооронд Манхтайг дайруулан шинэ шугам яаравчлан тавих, 1897 онд Хятадын тал Бээжингээс Жанчхүү хүртэл эхний шугам, цахилгаан мэдээний хороо байгуулах болжээ.
БАГАНА МОД БЭЛТГЭХ АЖИЛ…
Хиагтыг Нийслэл Хүрээтэй холбох шугам утсанд хэрэглэгдэх 28 чи / 1 чи 32 сантиметртэй тэнцүү/ урт, 5 цун /1 цүн 31 сантиметртэй тэнцүү/ үзүүртэй нэг түмэн багана модыг ойролцооноос бэлтгэх, модыг цавчиж унагах, засах, зөөвөрлөхөд хоёр түмэн шар үхэр хэрэгтэй болсон аж. Утасны мод бэлтгэх ажил маш эрчимтэй түргэн хийгдсэн бөгөөд Да хүрээнээс Чуулалт Хаалга хүртэл тавих шугам утасны 9000 мод, бүгд 12000 модыг 1898 оны 7 дугаар сарын 16-наас Тэрэлж, Шарбулаг, Уньт зэрэг газруудад бэлтгэж Чуулалт Хаалга тийш зөөжээ. Хүрээ, Хиагтын хоорондох шугамын хэрэгцээнд гучаад мянган багана оржээ. 1898 оны 8 дугаар сарын эхээр Их Хүрээ,
ЦАХИЛГААН МЭДЭЭНИЙ ШУГАМ ТАВИХ ҮЙЛДВЭР…
Хиагтын хооронд цахилгаан мэдээний шугам байгуулах үйлдвэр эхэлж 10 дугаар сарын 12-нд дууссан байна. Энэ Цахилгаан холбоо нь тухайн үед Дани улсын хөрөнгө оруулалттай байжээ. Гэвч энэ нь хэдийгээр 3 улсыг холбосон цахилгаан мэдээг дамжуулж байсан ч гол эрхлэх газар нь Бээжинд төвлөрч байсан учир монголчуудын мэдэлд байхгүй байв.
ӨӨРИЙН ГЭСЭН ЦАХИЛГААН ХОЛБООТОЙ БОЛОХ АЖИЛ…
Иймийн тул, Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүлсэн Монгол Улсын Засгийн газар буюу Бүгд Ерөнхийлөн шийтгэх яам байгуулагдмагцаа улс орны цахилгаан харилцаа холбоог өөрийн мэдэлд авах ажил эрчимтэй хэрэгжүүлж эхэлжээ.
Улмаар 1912 оны өвөл Монгол Улсын Засгийг газраас Нийслэл хүрээнд цахилгаан мэдээг эрхлэн ажиллаж байсан хятад түшмэдийг нутагт нь буцаахаар шийдвэрлэж, тэдний албанд хэрэглэж байсан эд хэрэглэл болон бэлэн мөнгийг хятад түшмэдэд нь олгосон бөгөөд бусад цахилгаан мэдээ явуулахад хэрэглэгдэх багаж тоног төхөөрөмжийг тоо ёсоор хүлээн авсан байна.
ЦАХИЛГААН МЭДЭЭНИЙ ХОРОО БАЙГУУЛАХ…
Ингээд 1912 оны 12 сард Нийслэл хүрээний цахилган мэдээний хороо байгуулж, уг хорооны захиран шийтгэх түшмэлд Цэрэн-Очир гэх хүнийг томилжээ. Тухайн үед цахилгаан мэдээг нэвтрүүлэн явуулах мэдлэг чадвартай боловсон хүчин хомс байсан учир хятад түшмэдүүдийн оронд орос түшмэл Толстихиныг цахилгаан мэдээг нэвтрүүлэн явуулах түшмэлээр томилж, бичээчээр Щульконовыг түр томилжээ.
ХОРООНЫ АЖИЛЛАХ ДҮРМИЙГ БАТЛАВ…
Энэхүү Цахилгаан мэдээний хороо нь жил бүрийн олсон ашгийн тайлан гаргаж байхаар тогтож, мөн тус хорооны ажиллах дүрмийг Засгийг газраас баталжээ. Уг Цахилгаан мэдээний хорооны дүрэм нь нийт 12 зүйлтэй. Энэ дүрэмд цахилгаан мэдээний хороо нь жил, сарын тайланг хэрхэн гаргаж байхыг нарийн тусгасан бөгөөд ажиллах орон тоог хүртэл тодорхой тогтоожээ.
Тухайлбал, хятад, орос хэлний орчуулагч нэг нэг хүн, данс барих бичээч нэг, үйлдвэрийн ажилтан буюу аливаа гэмтэл эвдрэлийг засах ажилтан хоёр, бичиг хүргэх хүн хоёр, хөдөлмөрийн ажилтан буюу манаач, цэвэрлэгээ, галлагаа хариуцсан хоёр ажилтантай байхаар заажээ.
Мөн уг дүрэмд: “...Есдүгээр зүйл. Цахилгаан мэдээ болбоос олон улс лугаа холбогдсон хүнд чухал зүйл тул, Нийслэл хүрээ Хиагтын газрын думдаас инагш монгол цагдаагийн дарга нэг, цагдаа цэрэг нэг Нийслэл хүрээ Чойрын газрын думдаас инагш монгол цагдаагийн дарга цэрэг нэг, цагдаа цэрэг хоёрыг хөлслөн суулгаж, цахилгаан мэдээний мод ба, утсыг цаггүй цагдан байцаалгаж, хэрэв эвдэрч тасарваас харьяат хорооны түшмэлд товтолгон мэдүүлж, даруй дээр сэлбэн засуулан, хаяа зарим нэг ухваргүй модыг эвдэж даруй байцаан барьж, мөн харьяат хорооны түшмэлд мэдүүлэн хүргэж уламжлан зохих газар хүргүүлэн нэг сарын дүнг өмсгөж зуун ташуур занчуулан, оросын хүн болбоос генеральный консул сайдын газар хүргүүлж хүндэд залхаан шийтгүүлбээс зохимой...” хэмээн хороо аюулгүй, элдэв саадгүй ажиллах боломжийг бүрдүүлжээ. Ийнхүү монголчууд өөрийн нутаг дэвсгэр дээрээ цахилгаан холбоог өөрсдөө эрхлэх эхлэл тавигдсан юм.
ЦАХИЛГААН МЭДЭЭГ МОНГОЛДОО БҮРЭН ЭРХЛЭХ ЗОРИЛТ…
Гэвч техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажиллах боловсон хүчин, мөн үүний дээр хоёр хөршийн харилцаанаас болоод монголын цахилгаан холбооны хөгжилд шинэчлэл хийх, үйл ажиллагааны хэлбэртээ өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болсон юм.
Тиймээс Ерөнхий сайд Т.Намнансүрэн 1913 оны өвөл Хаант Орос улсруу айлчлахдаа олон зорилготой явсны нэг нь цахилгаан мэдээг монголдоо бүрэн эрхлэх боломжийг эрэлхийлж явсан юм. Түүний цахилгаан мэдээтэй холбогдох хэд хэдэн сонирхолтой баримтууд өдгөө бидэнд хадгалагдан үлдсэн байна.
ХААНТ ОРОСД ИЛГЭЭСЭН БИЧИГ…
Тухайлбал, Ерөнхий сайд Т.Намнансүрэн Хаант Орост айлчлах айлчлалын үед буюу 1913 оны өвлийн дунд сарын 18-ны өдөр Хаант Орос улсын Гадаад хэргийн яамны тэргүүн сайдад илгээсэн бичигтээ: “...манай Монгол улсын одоогийн бүхий улс төрийн байдал ба дотоод Засгийн хэргийг цөм бусдад захирагдахгүй өөрөө эзэрхэх хийгээд бас аль ч улс лугаа харилцан найралдах худалдаа нэвтрүүлэх, төмөр зам, цахилгаан мэдээ байгуулах, эд боловсруулах, эдийн засаг, аж төрөх зэргийн явдлыг мөн нэгэн адил бусдад захирагдахгүй өөрөө эзэрхэх ёсыг Орос, Хятад хоёр улс лавдлалтайгаар батлан зөвшөөрөн хүлээснийг мэдсэн...” гэж албан бичгийнхээ оршил хэсэгт бичсэн байна.
ХЯТАДАД ИЛГЭЭСЭН БИЧИГ…
Мөн маргааш нь буюу өвлийн дунд сарын 19-ны өдөр Ерөнхий сайдаас Хаант Орос улсын нийслэл Петербург хотноо суугаа Хятадын Бүгд найрамдах улсын элчин сайдад илгээсэн Хятадын цэргийн байлдааныг зогсоохыг шаардсан албан бичгийнхээ оршил хэсэгт мөн энэ өгүүлбэрийг дахин давтсан байна. Энэ нь Ерөнхий сайд аливаа албан бичиг илгээхдээ оршил болгож энэ өгүүлбэрийг заавал бичиж илгээж байсан нь улс орон цахилгаан мэдээгээ өөрсдөө эрхлэн явуулахын чухлыг мэдэж байсан нь тодорхой байна.
ПЕТЕРБУРГИЙН ГЭРЭЭ БА ЦАХИЛГААН МЭДЭЭНИЙ ХОРООНЫ САНХҮҮ, ТӨСӨВ…
Мөн Ерөнхий сайд Хаант Оросоос санхүүгийн дэмжлэг хүсэхэд Оросын тал санхүүгийн зөвлөх түшмэл Сергей Андреевич Козиныг монголд ажиллуулах нөхцөл тавьсан. Ингээд айлчлалын үеэр буюу 1913 оны 12 сарын 25-ны өдөр Ерөнхий сайд Т.Намнансүрэн болон Сергей Андреевич Козин нар Петербург хотноо 12 зүйл бүхий гэрээ байгуулсан юм.
Уг гэрээний тавдугаар зүйлд: “...Мөнхүү зөвлөх түшмэл ба Улсын санхүүгийн хэргийг зөвлөх хурлын түшмэлийн хамт улсын жилийн орлого зарлагыг урьдаар сайнаар төсөвлөн бодож данс үйлдээд, сайдуудын хуралд өргөн мэдүүлж, нарийвчлан үзүүлж ёсчлон батлуулна. Энэ тухай олон яам ба мөн олон яамны захиргаанд бүхүй олон хороо, хэлтэс ба хүн нар хэрэглэгдэх зүйлийг мөнхүү зөвлөх түшмэлд тодорхойлон хүргүүлэн өгнө...” гэж заасан байна.
Энэ нь монголд олон салбарт шаардлагатай байгаа хороодын үйл ажиллагаанд С.А.Козин санхүүгийн хяналт тавьж, санхүүгийн зөвлөгөө өгч ажиллах тухай бөгөөд үүнд Цахилгаан мэдээний хорооны санхүү төсвийн асуудал багтаж байсан юм.
АНХНЫ ТЕЛЕФОН СТАНЦ…
Ерөнхий сайд Т.Намнансүрэн Хаант Орост айлчлаад буцахдаа телефон утасны жижиг станцыг үзээд худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэнд Оросын тал түүнд сонирхлыг дагуулан 24 номертой утасны жижиг станцыг бэлэглэжээ. Уг жижиг станцыг монголд авчраад 1914 оны сүүлчээр телефоны мэргэжилтэн Кошкины удирдлагаар 24 хэрэглэгчийн багтаамжтай суурин тэжээлтэй “Б” маркийн гар телефон станцыг байрлуулсан нь анхны телефон станц юм.
ОРОН НУТАГТ ЦАХИЛГААН МЭДЭЭНИЙ САЛБАРУУД БАЙГУУЛАВ…
Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн удирдлага зааварчилгаагаар ажиллаж байсан С.А.Козин нар монголд ажиллаж байх үедээ олон чухал шинэчлэл хийсэн юм. Нийслэл Хүрээнд Цахилгаан мэдээний хороо ажиллаж байсныг өргөжүүлж, орон нутагт болон хил хязгаар нутгуудад салбар цахилгаан мэдээний хороог байгуулж, мэргэжилтнүүд томилон ажиллуулж эхэлсэн байна.
Тухайлбал, Хиагтын цахилгаан мэдээг нэвтрүүлэн явуулах түшмэлд комисарын яамнаас орос түшмэл Павел Владмирович Папов, Симёон Василивич нарыг түр томилон суулгасан ба, харьяат хорооны хэргийг захиран шийтгэх түшмэлд шүүх таслах яамны эх зохиогч түшмэл зайсан Цэдэвсүрэн, орчуулах түшмэлд Буян-Өлзий, данс барих барих бичээчид Түшээт хан аймгийн сайд Эрдэнэ жүн вангийн хошууны бичээч Мишиг нарыг томилон суулгажээ.
Үүний дараа Ховд, Улиастай зэрэг томоохон хотуудад Цахилгаан мэдээний салбар хороог байгуулжээ.
Тухайлбал 1913 онд Кош Агач – Ховдын Шар сүмийн хооронд цахилгаан мэдээ байгуулах асуудлаар Хаант Оростой хэлэлцэж, гэрээ бичиг тогтоон, телеграфын шугам байгуулах ажлыг 1914 оны эцсээр дуусгасан байна. Мөн онд Монголын тал Улиастай, Мондын хооронд цахилгаан мэдээ байгуулах, ашиглах, захирах эрхийг Оросын талд олгохоор 11 зүйл бүхий гэрээ байгуулжээ.
Орон нутагт уг салбар хороог байгуулахын чухлыг дурдсан архивын баримтанд: “...цахилгаан мэдээ нь улс төрийн хэрэг ба, худалдаа арилжаа энгийн хүмүүсүүдийн хэл авалцахуйд үнэхээрийн их чухал дээр манай монгол улсын баруун зүүн хязгаараас газрын эрс чигээр нийслэл Хүрээнд нэвтрэх цахилгаан мэдээ байгуулж улс төрийн хэрэг ба худалдаа арилжааны зэргийн мэдээг хүргэн нэврүүлэх нь нэн маш чухал дан гагц энэ хэр манай улсын сангийн орлого хараахан үлэмжгүйд энэ зүйлийн цахилгаан мэдээг байгуулан чадаагүй эдүгээ эрхэм улсын Хаан эзний засгийн газраас хоёр улсын найрамдлыг бодож Мүгдэн? Улиастай хоёрын хооронд цахилгаан мэдээ тавихыг сануулсан нь үнэхээрийн хоёр улсад тус бүхүй хэрэг мөн гагцхүү Мүгдэн Улиастай хоёрын хоорондын цахилгаан мэдээ байгуулваас Улиастайгаас эрхэм улсын нутаг лугаа үг авалцахын дээр мөн эрхэм улсын хязгаараар дамжуулан нийслэл Хүрээ лүгээ мэдээ авалцаж болох боловч, манай баруун зүгийн олон аймаг хошуудын чухал мэдээ мөн хэвээр нэвтрэн үл цадах учир манай засгийн хэрэг шийтгэх газраас бидний хоёр улсын сангаас хэрэгсэх мөнгийг хувиарлан гарган эдүгээгээс даруй манай Ховд Улиастай нийслэл Хүрээний хооронд газрын эрс чиг ба, харьяат нутгийн төв думдуур цахилгаан мэдээ байгуулахыг хүсэх бөгөөд, бас ч эрхэм улсын хаан эзний засгийн газраас манай Монгол улсын төрийн ба, эрхэм улсын худалдааны цөм тус бүхүйг бодож ирсүгэй” хэмээн дурдсан байна.
ХААНТ ОРОСЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН…
Орон нутагт салбар хороог байгуулах тухай Хаант Оросын тал хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд уг асуудалд багагүй анхаарал тавьж ажиллаж байсан нь тэмдэглэгдэн үлдсэн нь Хаант Оросын Сайд нарын зөвлөл удаа дараагийн хуралдаанаараа Монголын холбогдолтой асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргаж байжээ.
Тухайлбал 1913 оны X сарын 3-ны өдрийн хуралдаанаараа “Монголчууд биднийг шуудан, цахилгаан холбоог гартаа аваач хэмээн хүссэн. Тиймээс дараах арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй байна. Холбооны салбарт юуны түрүүнд Кошь-агачь-Ковд ба Монди- Улиастай шугамыг барилгын ажлыг яаралтай дуусгах, Хүрээ-Хиагт шуудан холбооны шугамыг оросууд зохистой ашиглах, цахилгаан холбоогоор холбогдсоны төлбөрийн Монголын хувийг 3 буюу 4 копейк хүртэл бууруулж тааксийн мөн бууруулах, Монголтой тооцоог рублээр хийх. Шуудангийн салбарт хувийн санаачлагыг зогсоох, өртөөний албаны талаархи хууль дүрмийг эргэн харах, бүх хэрэгсэлийг Приамурийн Эрхүүгийн тойрогт шилжүүлэх...” гэж дурдсан байна.
ТЕЛЕФОН УТАСНЫ ҮНЭ ТАРИФЫГ ТОГТООВ…
Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн тэргүүлсэн Засгийн газраас улс орны эдийн засгийн хөгжилд цахилгаан холбооны салбар бодит хувь нэмэр оруулж болохыг анзаарч Засгийн газраас телефон утасны үнэ тарифыг тогтоож өгчээ.
Үүнд: “...Орос Монгол хоёрын хооронд нэвтрэх үг бүрийн үнийг нэг мянга есөн зуун арван гуравдугаар оны Октябр сарын шинийн нэгэн, олноо өргөгдсөний гуравдугаар он есөн сарын арван дөрвөний өдрөөс эхлэн арван таван мөнгөөр тогтож найман мөнгийг орос засгийн газар долоон мөнгийн монголын засгийн газар хураамой...” гэж заажээ. Улмаар Улсын санд телефоноос орсон орлого 1916 онд 16974 рубль болсоны 50 хувь нь албан газрын телефоноос орсон байлаа. Монголын харилцаа холбоо тухайн үедээ хамгийн бага зардалтай орлого тогтвортой үйлчилгээний салбар болж чадсан байна.
МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХЯТАДЫН МЭДЛЭЭС ТУСГААРЛАВ…
Ийнхүү Монголчуудын цахилгаан холбоо Хятадын мэдлээс гарч Ерөнхий сайд Т.Намнансүрэн тэргүүтэй монголын удирдагч нарын санаачлагаар Хаант Оросын дэмжлэгтэйгээр хөгжлийн шинэ шатанд хүрч улмаар уг цахилгаан холбооны шугамыг 1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр Монгол Улсын өмчид бүрэн шилжүүлсэн юм.
Монгол Улсын Засгийн газраас монголд цахилгаан холбооны ажлыг эрчимтэй хөгжүүлж буйд талархан зарим Оросын талын түшмэдийг хөхүүлэн шагнаж байжээ. Тухайлбал, “...манай Нийслэл Хүрээний цахилгаан мэдээний хороонд урин авчирч албан хаалгасан орос Толстихин нарын гурван хүн аливаа түргэн чухал цахилгаан мэдээг нэвтрүүлэн явуулахуйд ер санаагаар хичээн зүтгэж бүхүй нь цөм маш сайшаалтай... Нийслэл Хүрээний цахилгаан мэдээний хорооны түшмэлийн зэргийн эрдэнийн очир шагнан олгосугай...” хэмээн Цахилгаан мэдээний хорооны түшмэл Толстихиныг Эрдэнийн Очир одонгоор шагнаж байжээ.
Ийнхүү Монгол Улс ХХ зууны эхэнд өөрсдөө бие даан олон улстай харилцах холбооны төмөр утсаар холбогдсон түүхтэй юм. Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн үйл ажиллагаа бол үлэмж өргөн цар хүрээ хамарсан олон чиглэлтэй байсны нэг нь тэрбээр Монгол Улсад найдвартай мэдээлэл дамжуулах, хүлээн авах цахилгаан холбоо чухлыг анхаарч, олон чухал шийдвэр гарган хэрэгжүүлэн ажиллаж, монголын цахилгаан холбоог бусдаас хамааралгүй бие даан эрхлэх бүрэн боломжийг нээж өгсөн байна.
Ашигласан материал
1. Монгол Улсын Үндэсний Төв Архив, А-3
2. ХХ зууны Монголын түүхийн эх сурвалж (1911-1921 ) эмхэтгэсэн О.Батсайхан. УБ.,2003 он
3. Монгол Улсын гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам (1911-1915) баримт бичгийн эмхэтгэл УБ.,2014
4. Монголын ард түмний 1911 оны Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл (баримт бичгийн эмхэтгэл) УБ.,1982 он
5. Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн (Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл) УБ.,1998 он
6. “Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн -140” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. УБ.,2019 он
7. А.Дашням Халхын Сайн ноён хан Намнансүрэн УБ.,1990 он
8. З.Лонжид Монгол улсын санхүүгийн албаны түүх (1911-1921) УБ.,2000
9. Ж.Урангуа ХХ зууны эхэн үеийн Ар Монгол дахь шинэтгэл УБ.,1997 он
10. Ж.Урангуа ХХ зууны эхэн үеийн Монгол Улс (1911-1919 он) УБ.,2006 он
11. Л.Шарав Монгол улсын санхүүгийн товч түүх УБ.,2011
12. Монголын түүх (1911- 2017) УБ.,2018
13. Н.Цэдэн БНМАУ харилцаа холбоо 50 жилд УБ.,1971 он
14. Н.Цэдэн Үе үеийн холбоочдын тухай түүхэн замнал УБ., 2000
15. Д.Гарам-Очир нар Монголын харилцаа холбооны түүхэн товчоон УБ.,1991 он
16. Харилцаа холбоо мэдээллийн технологийн онцлох үйл явдал 100 жил УБ.,2021
Буянаагийн Ган-Очир (Ph.D)
2022.06.21