Улсын хэмжээнд 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна
Улс ТөрЗасгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2022 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг салбарын сайдад даалгалаа.
Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг энэ оны тавдугаар сарын 03-наас эхлүүлж урьдчилсан байдлаар 368,4 га-д үр тариа, үүнээс 343,8 мянган га-дулаан буудай, 20 мянган га-д төмс, 10 мянган га-д хүнсний ногоо, 51 мянган га-д малын тэжээл, 116 мянган га-д тосны ургамал, 4,6 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна.
Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 12 аймгийн 72 сумын 1012 аж ахуйн нэгж, иргэдийн 338,8 мянган га улаан буудайн талбайг хамруулан хийснээр нийт тариалсан талбайн 85,7 хувь буюу 290 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан байна.
Энэ жил 339 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 142 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийсэн мэдээтэй байна.
Ойн агентлаг байгууллаа
Ойн асуудал хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар байгууллаа.
Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулганаар 2022 оны зургадугаар сард батлагдаж, ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хуулиар тогтоосон.
Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 38 орон тоотой ажиллана.
Ойн газар нь Монгол Улсын хэмжээнд ойн нөөцийг судлан тогтоох, түүний хамгаалалт, зохистой ашиглалт, нөхөн сэргээлтийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, ойн талаарх харилцаанд оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдааг хангаж, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, ойн талаарх мэдээллээр Засгийн газар, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хангах үүрэгтэй Засгийн газрын эрх бүхий байгууллага болж үйл ажиллагаа явуулна.