Ассошейтэд Пресс: ОХУ-ын Гадаад хэргийн сайд дэмжлэг эрэлхийлэн Монгол Улсад айлчиллаа

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-07-06 07:09:44


ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Өрнөдийн орнууд улс орныг нь дипломат арга замаар тусгаарлаж, Украинд халдан довтолсонтой нь холбогдуулан хориг арга хэмжээ тогтоогоод байгаа энэ үед дэмжлэг олж авахаар Монгол Улсын удирдагчидтай уулзлаа гэж Ассошейтэд Пресс агентлаг мэдээлэв.


Тус агентлагийн мэдээнд тэмдэглэснээр, "С.Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан гэж Монголын төрийн мэдлийн хэвлэл мэдээлжээ.


Монгол Улс нь Орос, Хятадын дунд оршдог, далайд гарцгүй орон бөгөөд хөрш орнуудтайгаа нөхөрсөг харилцаагаа хадгалахын сацуу Москва, Бээжинтэй харилцаа нь улам ярвигтай болоод буй АНУ-тай нягт харилцааг төлөвшүүлсээр ирсэн юм.


Монгол, Оросын төрийн хэвлэлүүд Украины зөрчлийн талаарх хэлэлцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд хоёр талын бат бөх харилцааны талаар цохон тэмдэглэсэн байна. Талууд хэд хэдэн худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд Оросын байгалийн хийг Хятад руу нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дайруулан барих юм. 


“С.Лавров хоёр талын харилцааг бүхий л салбарт бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн” гэж У.Хүрэлсүх, С.Лавров нарын уулзалтын талаарх Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээнд дурджээ.


С.Лавровын олон нийтэд хийсэн мэдэгдлийнх нь гол сэдэв нь Украин болон барууны орнуудын талаарх шүүмжлэл байв.


Оросын төрийн мэдээллийн “TASS” агентлаг түүний хэлснийг эш татан мэдээлснээр, Өрнөдийн орнууд Украин улсыг илт русофоб, неонацист үзэлтнүүдийн улс, Оросын аюулгүй байдалд аюул заналхийлэх цэргийн түшиц газар болгохыг зорьж байна. Тэрбээр монголчуудад Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-ны талаар “нарийн дэлгэрэнгүй” мэдээлэл өгсөн гэдгээ хэлжээ.


“Бид Киевийн дэглэмийн төлөөлөгчид Украинд хэрхэн авирлаж байгаа талаарх баримтуудыг дэлхий нийтэд ил байлгах хүсэлтэй байна. Харамсалтай нь барууныхан өрнөж буй үйл явдлын талаарх бодитой мэдээллээр хангах мэдээллийн хэрэгслүүдийн ажлыг хааж боогдуулахын төлөө бүхнийг хийж байна” С.Лавров ямар нэгэн нотолгоогүйгээр хэлсэн байна.


Оросын Засгийн газар Украины дайнтай холбоотой мэдээ мэдээлэлтэй холбогдуулан дотоодын болон гадаадын олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс мэдээлэл авах боломжийг хаасан бөгөөд ард иргэддээ түрэмгийллээ довтолгоо гэж нэрлэхийг хориглож байгаа аж. 


Орос улс уг дайныг барууны орнуудтай нягт харилцаатай байхыг эрмэлздэг, ардчилсан замаар сонгогдсон еврей гаралтай ерөнхийлөгчтэй Украин улсыг “нацизмаас ангижруулах” ажиллагаа гэж ташаа тайлбарлаж байна.


С.Лавров Вьетнамд мягмар гаргийн оройноос эхлэн хоёр өдрийн айлчлал хийнэ гэж Вьетнамын Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ. Тэрбээр лхагва гарагт Вьетнамын Гадаад хэргийн сайд Буй Тхан Сон, Ерөнхий сайд Фам Минь Чин, Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар Нгуен Фу Тронг нартай уулзана. Энэ долоо хоногийн сүүлээр С.Лавров Индонезид болох “Хорийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцоно". 


Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ