Наадам-2022: Хүй долоон худагт “Соёлын наадам”, “Хөхүүрийн наадам” эхэллээ
НийгэмУяач, наадамчдын торгон ногоон дэвжээ Хүй долоон худагт “Хөхүүрийн айраг” наадам эхэллээ.
Мөн өнөөдөр Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн хүрээнд “Соёлын наадам-2022”-ыг Монголын нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлах, наадмын соёлын үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилгоор Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт зохион байгуулна.
“Соёлын наадам”-ыг анх 2008 зохион байгуулж, 2015 оноос Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор багтаж, өдгөө монголчуудын хүсэн хүлээдэг. Энэ жилийн “Соёлын наадам-2022”-ыг эрхэмсэг оршихуй, ижилсэн эвлэхүй, бахдан омогшихуй гэсэн наадмын нэгдсэн үзэл санаан дор Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет болон биет бус өв, монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсэд тулгуурлаж бүтээсэн онцлогтой.
Тухайлбал, “Цэнгэлийн манлай” нээлтийн тоглолт, “Их гэр” зан үйл-уран сайхны тоглолт, “Эрийн гурван наадам” театрчилсан тоглолт, “Боржигон соёлын гэр”, “Баруун Монгол гэр”, “Казах үндэсний гэр”, “Ардын уламжлалт тоглоом наадгай”, “Нүүр будалт ба хөрөг зураг”, “Уран бичлэг”, “Эсгий урлал”, “Монгол угсаатны хувцас”, “Улаан гэр” бүтээлч өртөө, “Нум сумын харваа”, “Хөхүүрийн айраг”, “Зэв” дижитал музей, “Салхин ариусал” өрөг урлал зэрэг оролцоот өртөөнүүд болон “Аварга Монгол” баримлуудтай зураг татуулах, “Морьтны гайхамшиг” шоу үзэх зэрэг хөтөлбөртэй зохион байгуулна.
Дээрх зан үйл, уран сайхны үзүүлбэр, өртөө зэргээр наадамчид саатахдаа үзэгч төдий биш, оролцогч болж өөрийн биеэр мэдэрч суралцахаас гадна, “Мөнгөн мод-2021”-ийн шилдэг уран бүтээл “Босоо цагаан гурвалжин” этно модерн бүжгэн жүжгийн хэсгээс үзэж мэлмийгээ баясгах боломжтой. Харин өнөөдөр орой “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүнтэй.