"КАНВОН 2024" ХӨТӨЛБӨРТ МОНГОЛЫН ТАМИРЧИД БАГТАВ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-03 04:26:01


Монгол, Тайланд, Сингапур, Өмнөд Африк, Алжир, Тунис, Этиоп зэрэг 14 орны өсвөрийн тамирчин БНСУ-ын Канвон муж дахь Alpensia олимпын баазад өвлийн спортын зуны бэлтгэлд хамрагдлаа. "Канвон 2024" залуучуудын өвлийн олимпын наадамд оролцох тамирчдыг дэмжих хүрээнд "Пёнчан 2018 өв сан"-гийн хөтөлбөр тавдугаар сарын 30-аас зургадугаар сарын 12-ны хооронд болсон юм.

Монгол улсаас 2022 оны цанын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн зургаан тамирчин (эрэгтэй 4, эмэгтэй 2), нэг багш оролцлоо. "Пёнчан 2018" олимпын наадмын гол төв болсон Alpensia хотхонд байрлах "New Horizons academy" олон улсын зуны хөтөлбөрөө дэлхийн хүүхдүүдэд олгож эхэлжээ. Уг хөтөлбөрт манай тамирчид хамрагдах боломж "Бээжин 2022" олимпын наадмын үеэр болсон Монгол, БНСУ-ын албаны багийн уулзалтаас эхлэлтэй аж. Тодруулбал, өнгөрөгч хоёрдугаар сарын 8-д Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг "Канвон 2024" залуучуудын өвлийн олимпын наадамд бэлтгэх дэд хорооны дарга Ким Кьюн Сунтай албан уулзалт хийхдээ залуучуудыг олон улсын хөтөлбөрт хамруулахаа ярилцсан байна. Тэгвэл "Канвон 2024" хөтөлбөрт Монголын тамирчдыг багтаасан нь өнөөдөр үр дүнгээ өгч эхлэв.



Олимпын хотхон Аlpensia-д саатсан тамирчдынхаа сэтгэгдлийг нь сонслоо.



ШИЛДГЭЭР МОНГОЛЫН ТАМИРЧИН ШАЛГАРАВ
"Энд ирээд үнэхээр баяртай байна. Олон орны хүүхдүүдтэй нөхөрлөж, бие биеэсээ суралцлаа. Би олимпиос медаль авна гэсэн мөрөөдөлтэй. Энэ хөтөлбөрийн хүрээнд техник их сайн сурлаа. Би энэ жилийн УАШТ-ий 5, 10 км-т алтан медаль авсан. Намайг цанаар хичээллэхэд ах, эгч маань нөлөөлсөн. Тэд энэ спортыг сонгон хичээллэдэг. Олимп болсон хотхон бол үнэхээр гоё байна.

Би Булган аймгийн "Ski master" клубын тамирчин. Цаашид маш их хичээл зүтгэлтэй байна" хэмээн Т.өсөх-Ирээдүй хэлсэн юм.

Тэрбээр явцын үнэлгээгээр 14 орны хүүхдүүдээс хамгийн өндөр оноог авч шилдгээр шалгарсан байна. Түүнд зохион байгуулах хорооноос шилдгийн батламжийг гардуулжээ.

ЭЭЖИЙГЭЭ ДАГААД ЦАНААР ХИЧЭЭЛЛЭХ БОЛСОН
"Олон улсын сургалтад хамрагдсандаа маш их баяртай байна. Олон төрлөөр суралцаж чадлаа. Миний хамгийн том зорилго бол

"Канвон 2024" залуучуудын олимпт орох. Мэдээж үүний өмнө Олон улсын томоохон тэмцээнд орох ёстой. Би ээжийгээ тэмцээнд дагаж явсаар гүйлтийн цанаар хичээллэх болсон. Энд ирсэн бусад орны хүүхдүүдтэй харьцуулахад түвшин муу биш байна. Олимп хотхон үнэхээр сайхан байна" гэж гүйлтийн цана, дугуйн спортын мастер А.Хүслэн хэлсэн юм.

16 настай түүний хувьд дээд нас буюу 17-18 насанд түрүүлсэн амжилтаараа энэхүү хөтөлбөрт хамрагджээ. Түүний ээж Э.Очирсүрэн гүйлтийн цанаар хоёр удаа олимпт оролцсон манай шилдэг тамирчдын нэг билээ.

МОНГОЛД ИЙМ ЦАНЫН БААЗТАЙ БОЛООСОЙ

2022 оны сноуборд сламын төрөлд дэд байр эзэлсэн "Эхлэл team" клубын тамирчин М.Мөнх-Од анх бэлтгэлд явах үедээ шантарч байсан ч ээж нь дэмжиж байсан учир энэ төрлийг сонгон хичээллэж байгаа гэдгээ хэлсэн юм.

Тэрбээр "Надад олимп хотхон маш их таалагдаж байна. Би өөрийгөө их азтай гэж бодож байна. Эндээс их зүйл сурлаа. Олон орны хүүхдүүдтэй танилцаж сэтгэл өндөр буцаж байна. Сургалтын чанар их сайн. Залуучуудын олимпт орохын тулд эрх олгох тэмцээнд амжилттай оролцох ёстой. Хэрвээ би эрхээ авч чадвал алтын төлөө үзнэ дээ. Би хурдтай зүйлд дуртай. Гулгаж байгаад снөубордын төрлийг сонгосон. Манай улсад ийм цанын бааз байгаасай. Бүх зүйлийг туулж үзээд медаль авахыг хүсэж байна" гэж М.Мөнх-Од хэллээ.

ГҮЙЛТИЙН ЦАНААС АВЧ БАЙГАА МЭДРЭМЖ САЙХАН БАЙДАГ

2022 оны гүйлтийн цанын өсвөрийн УАШТ-ий охидын 15-16 насанд түрүүлсэн Төв аймгийн "Зандан хүлэг" клубын тамирчин Н.Мөнгөнцэцэг, дэд байрын эзэн Хэнтий аймгийн тамирчин Х.Эрдэнэтунгалаг нар энэ удаагийн хөтөлбөрт сонгогджээ.

"Надад маш их дурсамж боллоо. 2018 оны олимп болсон хотхонд ирээд сэтгэгдэл өндөр буцлаа. Техник дээр маш сайн ажиллах ёстойг харлаа. Гүйлтийн цанаас авч буй мэдрэмж сайхан санагддаг. өөрийгөө зовоож байгаа ч энэ үйлдэл надад маш их таалагддаг. Цанын бэлтгэлийг сүүлийн нэг жил хийсэн ч сурах юм их байна. Манай аав гүйлтийн цанаар гулгадаг байсан. Аавыгаа даган энэ спортыг сонгосон. 2024 оны залуучуудын олимпт орохын тулд маш их хичээх болно" хэмээн Х.Эрдэнэтунгалаг хэлсэн юм.

БИ ЧАДАЖ БАЙГАА УЧИР ХИЙХ ЕСТОЙ
"Ах, эгч нарынхаа уралдаж байсан олимп хотхонд ирсэндээ үнэхээр баяртай байна. Олон орны хүүхдүүдтэй бэлтгэл хийх сайхан байна. Энд ирж чадаагүй хүүхдүүддээ хэлэхэд та нарт боломж байгаа шүү, улам хичээгээрэй гэж хэлмээр байна. Гүйлтийн цаныг санамсаргүй байдлаар сонгосон. Тэмцээнд ороод түрүүлсний дараа өөр зорилготой болдог юм билээ. Би чадаж байгаа учир хийх ёстой гэдгийг ойлгосон. Бусад орны хүүхдүүдтэй харьцуулахад биеийн хүчээр илүү байна. Харин өндөр болмоор байна. (Инээв).

Энд ирсэн мэдрэмжийг үгээр илэрхийлэх аргагүй нэг тийм гоё мэдрэмж. Бас англи хэлний мэдлэгээ сайжруулах ёстойг анзаарсан. Сайхан дурсамжтай буцлаа" хэмээн Н.Мөнгөнцэцэг хэлсэн юм.



ОЛИМПТ ОРОХЫН ТУЛД ЗҮТГЭНЭ


Уулын цанын слаломын төрөлд түрүүлсэн амжилтаараа хөтөлбөрт хамрагдсан "Mongeit" клубын тамирчин М.Манлайжавын сэтгэгдлийг хүргэж байна.

"Энэ хөтөлбөрт сонгогдоно гэж бодсонгүй. Олон орны хүүхдүүдтэй танилцаж, туршлага судалж цагийг сайхан өнгөрөөсөндөө баяртай байна. Олимп болсон хотхонд бэлтгэл хийх үнэхээр гоё байна. Уулын цанаар хичээллэдэг хүмүүс их бий. Би тэдний заавар зөвөлгөөг даган энэ төрлийг сонгосон. Слалом нь маш их хөлийн болон биеийн ажиллагааг шаарддаг. Тэсрэлт ихтэй. Миний хувьд 2023 онд болох Азийн хүүхдийн наадамд амжилттай орж залуучуудын олимпын эрх авахыг зорьж байна. Олимпын эрхээ авчих юм бол алтан медаль авна гэж зүтгэнэ дээ" хэмээн М.Манлайжав хэллээ. Эдгээр зургаан тамирчин 2022 оны өвөл болсон өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн амжилтаараа "Пёнчан 2018 өв сан" хөтөлбөрт шалгарчээ.

Уг хөтөлбөрт хамрагдсан багш, цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Одтой ярилцлаа.


-Олон улсын хөтөлбөрт хамрагдсан сэтгэгдлээ хуваалцахгүй. "Пёнчан 2018 өв сан" хөтөлбөрөөс юуг олж харав?
-Олимпын хөтөлбөрт маш их хамрагдах хэрэгтэй юм байна. Тамирчид энэ хөтөлбөрөөс олон зүйлийг сурлаа. Монголд өвлийн олимпын аварга төрөхөд ойрхон байгаа нь эндээс харагдаж байна. Манай хүүхдүүд бие бялдарын хөгжил, авхаалж самбаа, хурд хүчээрээ дутах юм алга. Олимпын хорооноос олон хүүхэд хамруулахыг хичээсэн ч зургаан нь сонгогдсон. Дараа дараагийн хөтөлбөрт олон хүүхэд хамруулахыг зорьж байна. Цанын спортыг сонгон хичээллэж байгаа хүүхдүүдэд боломж өгөхийн тулд нэгдсэн цугларалтыг үе шаттай хийнэ. 14 хоногийн сургалтын дараа монгол хүүхэд явцын үнэлгээгээр шилдэг болсон. Манай хөвгүүд, охид эрс сайжирсан байгаа нь энэ сургалтаар харагдлаа.
-"Пёнчан 2018 өв сан"-д Монголын тамирчид багтах болсон боломж "Бээжин 2022" наадамд оролцсон нөлөө гэж харж байна. Та олимпт цанын холбоог төлөөлөн оролцсоны хувьд юу гэж дүгнэж байна?
-Бээжингийн өвлийн олимп цар тахлын үед үзэгчгүй болсон ч манай хоер цаначны цагийн амжилт сайн гарсан. Мөн ойрын зайд уралдсан гээд онцлох зүйл их бий. Олимпын тосгонд Олон улсын олимпын хорооны гишүүний хувиар Б.Баттүшиг "Канвон 2024" залуучуудын олимпын зохион байгуулах хорооны төлөөлөлтэй уулзалт хийсэн нь нөлөөгөө өглөө. Энэхүү уулзалтын үр дунд зургаан тамирчин хөтөлбөрт хамрагдлаа. Олимпиос олимпын хооронд бид амжилтаа ахиулаад олон тамирчин эрхээ аван оролцох бүрт боломж их байна. 2018 оны олимпыг зохион байгуулсан солонгосчууд 2024 оны залуучуудын олимпт ихээхэн ач холбогдол өгч байгаа нь энэ хөтөлбөрөөс гадна маш олон арга хэмжээгээр харагдлаа.
-Монголд цанын баазтай болох боломж хэр байна. Цанын холбооноос энэ асуудалд ач холбогдол өгч байгаа байх?
-Цанын баазтай болох нь бидэнд маш их давуу байдлыг авчирна. Төв аймгийн Борнуур суманд газрын асуудал шийдэгдсэн. Улаанбаатараас 90 км зайтай шүү дээ. Эхлээд олон улсын цанын холбооноос байгууламжийн шинжилгээ хийлгэх зэрэг ажлууд байгаа. Цанын баазтай болоход бүх нийтийн оролцоо чухал байна. Бид эх орондоо олон улсын цанын баазтай болох юм бол тамирчдын амжилт ахихаас гадна иргэдийн эрүүл мэнд, чийрэгжилтэд ихээхэн тустай болох юм. Хөдөлгөөны дутагдлаас сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Монгол шиг цас их ордог газар цанын бааз зайлшгүй шаардлагатай. Энэ жил Олимпын хороотой хамтран холбооны зүгээс тамирчдаа Европын улсуудад бэлтгэл хийлгэх ажлыг ярилцаж байна.



Сэтгүүлч: Ч.Болорчулуун

БНСУ, Канвон муж, Каннин хот, Хэнгэ тосгон, " Пенчан 2018" олимп хотхон. 2022 оны зургадугаар сар.

Холбоотой мэдээ