Алтайн өндөр уулс өвийг ЮНЕСКО-д бүртгүүлнэ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-17 05:19:45


Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж “Алтайн өндөр уулс” өвд хийх техникийн үнэлгээний тухай мэдээлэл сонслоо.


Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Алтайн өндөр уулс” өвийг ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын үндсэн жагсаалтад бүртгүүлэх тухай туссан.

Үүнтэй холбогдуулан “Алтайн өндөр уулс” өвийн номинацийн бичиг баримтуудыг бүрдүүлэн Дэлхийн өвийн үндсэн жагсаалтад байгалийн болон соёлын ангиллаар бүртгүүлэхээр нэр дэвшүүлж, 2020  оны 9 дүгээр сард Дэлхийн өвийн төвд хүргүүлжээ.


Материалын бүрдүүлэлтийг Дэлхийн өвийн төвөөс бүрэн хангалттай гэж үзэн номинацийн дараагийн шат буюу техникийн үнэлгээ хийх шат руу оруулахаар шийдвэрлэсэн байна. Тус өвийг холимог ангиллаар нэр дэвшүүлсэн тул ЮНЕСКО-ийн дэргэдэх зөвлөх статустай Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл (ICOMOS), Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN)-ноос тус бүр нэг шинжээч үнэлгээ хийх аж.


Ташрамд дурдхад, ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенц нь байгалийн болон соёлын өвийг хамгаалж, таниулан сурталчлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд батлагдсан ба 194 улс нэгджээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ