УИХ-ын ээлжит бус чуулганыг нээв

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-22 02:19:58


УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэллээ.Олон улсын хурцадмал байдал, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан цаг үеийн онцгой анхаарах асуудал болон эрх зүйн орчны шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит бус чуулган зарласныг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нээлтийн үеэр хэллээ. 



Тэрбээр, “Чуулганаар гурван багц асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдлын талаарх Ерөнхийлөгчийн мэдээлэл, ҮАБЗ-ын илтгэлийг сонсоно. Хоёрдугаарт, УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы хаалтын үеэр өгсөн цаг үеийн онцгой анхаарах асуудлын талаар өгсөн үүрэг, чиглэлээ дүгнэж, үнийн өсөлт болон бусад эрсдэлээс иргэдийн амжиргааг хамгаалах ажлын багуудын үйл ажиллагааны тайланг сонсож, санал, дүгнэлтийг хэлэлцэнэ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэж, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаарх ажлын баг, түр хороодын санал дүгнэлтийг хэлэлцэх юм. Гуравдугаарт, ҮХЦ-ээс өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 2 дахь хэсгийг хүчингүй болгосонтой холбоотой эрх зүйн орчны асуудлыг хэлэлцэнэ” гэлээ.


Дотоод, гадаад таагүй нөхцөл байдал иргэдийн амжиргаанд сөргөөр нөлөөлсөөр байгаа энэ үед төр засаг тодорхой бодлого хэрэгжүүлж байгаагийн үр дүнд нааштай өөрчлөлт гарч байна. Тухайлбал, энэ оны эхний хагаст 16.1 хувьд хүрээд байсан инфляци 15.7 хувь болж буурлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл долоодугаар сард 55.6 тэрбум төгрөгийн ашигтай, гадаад худалдааны тэнцэл оны эхний долоон сард 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарч, экспортын хэмжээ 37.2 хувиар өссөн байна. Гэхдээ энэ нь хямрал арилсан гэсэн үг биш бөгөөд хөрөнгө оруулалтыг нэмэх, ажил эрхлэлтийг дэмжих, томоохон бүтээн байгуулалтаа эхлүүлэх, аж үйлдвэржилтийг дэмжих шаардлагатай байгааг УИХ-ын дарга онцолсон юм. Ээлжит бус чуулган энэ сарын 26-ныг дуустал үргэлжилнэ.


Чуулганаар Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдлын талаарх Ерөнхийлөгчийн мэдээлэл, ҮАБЗ-ын илтгэлийг хаалттай горимоор сонсож байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ