2022 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцөл байдлын зөвлөмж мэдээллийг танилцуулж байна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2022-08-30 02:24:28

Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэст ирсэн мэдээгээр 2022 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар газар тариалан бүхий ихэнх нутгаар улаан буудайд сүүн бололтоос аарцан бололтын үе шат явагдаж байгаа бол төмс цэцэглэлтээс цэцэглэлтийн төгсгөлийн үе шатандаа орсон бөгөөд ургалтын байдал нь сайн гэсэн үнэлгээтэй байна. Улаан буудайн өндөр нь сорт, тариалсан хугацаа болон үе шатнаасаа хамааран харилцан адилгүй буюу 51-103 см байна.

            Газар тариалан бүхий нутгуудад  9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур болон хур тунадас  ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байхаар байна. Сарын эхний хагаст хур тунадас ахиу орох, сүүлчийн хагаст тунадас багатай, харьцангуй таатай байх төлөвтэй байна. (http://tsag-agaar.gov.mn/forecast/weather-forecast/month)

          Ийнхүү сарын эхээр хур тунадас ахиу орохоор байгаа нь хөрсөн дээр цочир хүйтрэх, цан хяруу унах зэргээр таримлын бололтонд таагүй нөлөөлж болзошгүй тул цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүрт авч ажиллах нь зүйтэй. Энэ жил газар тариалан бүхий нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу орсон ч 5, 6 дугаар сард тариалангийн ихэнх нутгаар дунджийн орчим, 7 дугаар сард дунджаас сэрүүн байсан нь таримал ургамлын өсөлт, хөгжилт оройтоход хүргэсэн.         

Таримлын үе шат оройтож байгаа хэрээр ургац хураалтын хугацаа богиносох нөхцөл үүсч байгааг харгалзан үзэж, цаг агаарын тааламжтай үеийг ашиглан, үр тарианы болцоос хамаарч ангилан хадалт болон шууд хураалтыг хугацаа алдалгүй хийхэд онцгойлон анхаарах шаардлагатай.

Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс


Холбоотой мэдээ