Нүхэн “00”-оос үүдэлтэй халдварт өвчин аюултай түвшинд хүрлээ
НийгэмУлсын хэмжээнд төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны 819 нь гадаа байрлах нүхэн ариун цэврийн байгууламжтай. Эдгээрийг 2023 он гэхэд орчин үеийн шаардлагад нийцсэн болгох дөрвөн үе шаттай хэрэгжих төсөлд Засгийн газар 100 тэрбумыг төсөвлөсөн талаар “Зууны мэдээ” сонин “Сурагчдын тохьтой “ОО”-д зарцуулах 100 тэрбум салхинд хийсэх үү” гэсэн нийтлэлээрээ хүргэсэн. Харин энэ удаа гэр хорооллын гадаа байрлах нүхэн ариун цэврийн байгууламж нь ундны усны, хөрсний бохирдол, халдварт өвчний эх үүсвэр болж байгаа асуудлыг хөндөж байна.
Жил бүр зургаагаас аравдугаар сарын хооронд нийслэлд гэдэсний өвчлөлийн тоо эрс нэмэгддэг. Үүний 50-аас дээш хувь нь гэр хороололд амьдардаг таваас доош насны хүүхдүүд байна гэсэн судалгааг эрүүл мэндийн байгууллагууд гаргажээ. Тодруулбал, НЗДТГ, НЭМҮТ хамтран гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн ойролцоох газрыг судлахад нянгийн тоо, гэдэсний савханцар бусад газраас хоёр дахин их гарчээ. Үүний шалтгаан нь Улаанбаатарын гэр хороололд зай завсаргүй байрласан 145 мянга орчим бохирын энгийн бие засах газар буюу нүхэн жорлон юм. Гэтэл Засгийн газар олон баримт бичигт бүх айл өрхийг шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангах зорилт тавьсанаас бус хөрсөн дээр бодит ажил хэрэг болгосон зүйл нэг ч алга. Үүнээс гадна энэ чиглэлд яг ямар арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар ч бодитой тооцоолол судалгаа алга. Яг ийм байдлаар үргэлжилвэл жилээс жилд гэр хорооллын тоо нэмэгдэж байгаа Улаанбаатар хотод нүхэн жорлонгоос үүдэлтэй халдварт өвчин аюултай түвшинд хүрэх нь.
НИТРИТ, АММИАКИЙН ХЭМЖЭЭ ДӨРӨВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ
Монгол Улсын Засгийн газраас 2050 он гэхэд хүн амын 90 хувийг баталгаат ундны ус, шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангах зорилт тавьсан. Тогтвортой хөгжлийн 17 зорилтын зургадугаар зүйлд баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах талаар тусгасан байдаг. Гэтэл нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар Монгол Улсын нийт өрхийн 38 хувь нь сайжруулсан, хүртээмжтэй, аюулгүй, найдвартай ундны усаар хангагдсан бол нийт өрхийн 31 хувь нь ариун цэврийн байгууламжийн суурь үйлчилгээгээр хангагдаагүй гэсэн үр дүн гарчээ.
Энэ талаар МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Б.Баясгалан “Улсын хэмжээнд төвлөрсөн 36 ариун цэврийн байгууламжинд МХЕГ-аас өнгөрсөн онд шинжилгээ хийхэд 50 хувь нь бохирдлын хэмжээ шаардлага хангахгүй гэж гарсан. Төвлөрсөн бус гэдэгт бага оврын, гэр хорооллын ариун цэврийн байгууламж орно. 340 өрхийн төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжинд судалгаа хийхэд 80 гаруй хувь нь энгийн нүхэн жорлон ашигладаг төдийгүй бохироо шууд хөрсөндөө шингээж байна. Сүүлийн таван жил хөрсний дээжинд хийсэн судалгаанаас үзвэл 56 хувь нь их болон дунд зэргийн бохирдолтой гарлаа. Үүнээс гадна шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж нь гадаргын болон гүний усыг бохирдуулдаг. Ундны усанд хийсэн судалгаагаар бохирдлын химийн үзүүлэлт болох ялгадаснаас илрэх нитрит, нитрат, аммиакийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. 2013 онд улсын дундаж нитратны хэмжээ 1.5 хувь байсан 2021 онд 6.6 болж дөрөв дахин, аммиакийн агууламж хоёр дахин нэмэгджээ. Шаардлагагүй хангахгүй ариун цэврийн байгууламж ус, хөрсийг бохирдуулж байгаагийн тод жишээ нь энэ юм” гэв.
“ИРЭЭДҮЙД НИЙСЛЭЛ НҮХЭН ЖОРЛОНГҮЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ”
НЭМҮТ, ЭМЯ хамтарсан судалгаанд гэр хороололд амьдрах нь нян, суулгалт халдварын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тухай дурджээ. Тодруулбал, гэр хороололд бохир усыг зайлуулах нөхцөл муугаас үүдэн суулгалт, халдварт өвчин тархах эрсдэлийг бий болгож байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын боловсрол зорилтод “Ус, ариун цэврийн байгууламжийг хүүхдэд ээлтэй болгох ажлыг үе шаттай төлөвлөж хэрэгжүүлнэ” гэж заасан. Мөн орчин төвтэй шийдэл зорилтод айл, өрхийн нүхэн жорлонг стандартад нийцүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах, стандартын бус ариун цэврийн байгууламжийг шинэчлэх, ялгадасыг бордоо болгож эдийн засгийн эргэлтэд оруулах, усыг бохирдлоос хамгаалах гэж заасан байна.
Дэлхий нийт шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар Ус, ариун цэврийн бие даасан зөвлөх Ц.Батцэрэн “Усны чанарыг яаж хамгаалах уу, хог хаягдал, усны бохирдол, ариун цэврийн байгууламжийг хэрхэн хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулахгүй байлгахад дэлхий нийтийн чиг хандлага чиглэж байна. Гэр хорооллын айлын нүхэн жорлон шаардлага хангаагүй тохиолдолд олон улсад үүнийг аюулт үзэгдэл гэж үзнэ. Учир нь энэ нь ундны ус, бохир ус, хоол хүнс, ялаагаар цааш тархаж халдвар өвчний эх үүсвэр болдог юм. Швейцарын компаниуд өрхөд суурилсан орчны ариун цэвэр гэсэн аргачлалыг олон улсад хэрэгжүүлж байна. Бүх бохирдлыг өрхөөс аваад төв цэвэрлэх рүү нийлүүлэх бус өрхийн бохирыг бусад хог хаягдалтай холихгүйгээр өрх дээр нь бордоо болгох, боловсруулах аргачлалыг ашигладаг юм. Ундны ус, ариун цэврийн байгууламжийн эрсдэлийг хэмжих одоогийн аргачлалууд төвлөрсөн систем рүү чиглэж байна. Харин төвлөрсөн бус системүүдэд аргачлал алга. Тиймээс төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжийн эрсдэлийн үнэлгээг гаргах чиглэл рүү аргачлалаа нэвтрүүлэх шаардлагатай байна. Үүнийг өртөг, зардал бага байхаар зохицуулах ёстой” гэв.
Сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болох нь ундны цэвэр ус, хөрсний бохирдлыг бууруулж цаашлаад хүн амыг халдварт өвчнөөс хамгаалж эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм. Энэ чиглэлд нийслэлээс ямар ажил хийж байгаа талаар Нийслэлийн байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Нийслэлийн байгаль орчны газраас хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтэс байгуулахаар болсон. Хэлтэс байгуулснаар хотын нутаг дэвсгэрт тулгамдаж буй хөрсний бохирдлыг бууруулахад бодит бодлоготойгоор ажиллах боломж бүрдэнэ. Тухайлбал, хөрсний органик болон хүнд металийн бохирдол, хөрсний доройтол зэрэг хамаарч байгаа. Тиймээс ихэнх хувийг эзэлдэг нүхэн жорлонгийн бохирдолд энэ жил онцгой анхаарал хандуулахаар болсон. Нүхэн жорлонг 1-4 дүгээр ангилалд багтааж судалгаа, мэдээлэл гаргасан. Үүний дагуу их бохирдолтой 3, 4 дүгээр ангилалд багтсан гэр хорооллын 50 мянган нүхэн жорлонг ашигтай бактериар ариутгана. Бактери амьд бие учир улирлын чанартай ариутгал хийнэ. Эхний ээлжийн айл өрхүүдэд энэ ажил амжилттай хэрэгжвэл үргэлжлүүлнэ. Ингэснээр цаашид ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийхээс гадна ирээдүйд нийслэл нүхэн жорлонгүй болох боломжтой” гэсэн юм.Энэ санаачилга бодит ажил хэрэг болвол 2025 он гэхэд шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг 70 хувь, 2050 он гэхэд 90 хувьд хүргэнэ гэсэн зорилтдоо хүрэхэд нэг алхам ойртох нь.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 170