Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-10 04:20:28

УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа болон УИХ-ын гишүүд өнөөдөр (2022.09.10) хэлмэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.


Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэснээс хойш өдгөө 27 дахь жилдээ улс төрийн хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байна.

Улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31,460 иргэнийг цагаатгаад байна. Хэлмэгдэгcдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр жил бүр ном, бүтээл хэвлүүлэн гаргадаг бөгөөд 2022 онд “Хамаг Монголчууд бүү мартагтун” баримтат нэвтрүүлэг, “Улс төрийн хэлмэгдэгсдийн намтрын товчоон” номын 18 дугаар боть, урлаг соёл болон эрдэмтэн судлаачид, хэлмэгдсэн иргэдийн үр хүүхэд, ач зээ нарын хэлмэгдүүлэлтийн хор уршиг, үр дагавар, сургамжийн талаар дурдсан богино хэмжээний нэвтрүүлэг, контентыг бэлтгэн олон нийтийн хүртээл болгосон байна.

2001 онд ОХУ-ын Коммунарка тосгоны Бутово дахь тусгай обьектод босгосон “ЗСБНХУ-д хэлмэгдсэн Монгол иргэдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө”-ний хувилбарыг Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн салбар комисс, НИТХ-ын ажлын албатай хамтран УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяагийн санаачилгаар бүтээхээр ажиллаж байна.







Энэ өдөр Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.





Холбоотой мэдээ