Л.Энх-Амгалан: Тусгаар улсын ЗГ-ын гаргасан шийдвэрийг аль нэг улсын элчин сайд үгүйсгэх эрхгүй

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-12 07:22:02


Орос Монголын хамтарсан Гуравдугаар сургуулийн захирлыг ажлаас нь түдгэлзүүлсэн тухай асуудалд БСШУ-ны сайд байр сууриа илэрхийлэв. 


 Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

Орос 3-р сургуулийн тухайд МУ-ын ЗГ эргэлт буцалтгүй шийдвэрээ гаргачихсан.  Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Соронзон гэдэг хүн МУ-ын хууль тогтоомжийг дагах, биелүүлэх үүрэгтэй. Тийм учраас сургуулийн хамт олныг жагсаал цуглаанд уриалан өдөөн хатгаад баймгүй байна. Өчигдөр тус сургуулийн хамт олны групп дээр долоо хоног бүр багш нар эцэг эхийн жагсаал цуглаан хийх, зохион байгуулж байсан тухай мэдээлэл ирж, түүнийг нь бид нийтэд дэлгэсэн. Ер нь бол МУ туурга тусгаар улс. Гэтэл тусгаар улсын ЗГ-ын БСШУ-ны сайдын тушаал шийдвэрийг цаг нь болоогүй байсан, тэдэн цагт гаргах байсан гэх мэтээр аль ч улсын элчин сайдын яам гаргах эрхгүй. Энэ бол МУ-ын тусгаар тогтнолд харшлах болчимгүй үйлдэл. Үүн дээр манай ГХЯ нот бичиг гаргах байх. Ингээд Орос 3-р сургуулийн асуудалд цэг тавьсан. Ажлын хэсгийг дэд сайд ахлан ажиллана. Өчигдөр дэд сайд тус сургуулийн багш, эцэг эхийн төлөөлөлтэй уулзсан.

Өнөөдрийн байдлаар Орос 3-р сургууль 100 хувь МУ-ын өмч. ОХУ нэг ч төгрөг гаргадаггүй. Сургуулийн сургалтын үйл ажиллагааны урсгал зардлын 84 хувийг эцэг эх, асран хамгаалагчдын төлбөрөөс, 16 хувийг нь Монгол улсын татвар төлөгчдийн мөнгөөр хувьсах зардал гэж гаргадаг. Хувьсах зардал хийгээд өмчийн хэлбэрт нэг ч төгрөг оруулдаггүй байж энэ сургуулийн удирдлагатай холбоотой МУ-ын ЗГ-аас гарагсан шийдвэрийн эсрэг ямар нэгэн хүн, ямар нэгэн гадаадын этгээд аливаа хууль бус явуулга, байр сууриа илэрхийлэх нь хууль бус юм.


Боловсрол соёл, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр:

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын 154 багштай уулзсан. Бэлтгэсэн 3 хуудас цаас уншаад гараад явсан. Ийм л үйл явдал болсон. Ер нь бол цаашид хууль үйлчилнэ.

1992 оны хоёр улсын гэрээгээр Монголын тал томилгоог 100 хувь шийднэ гэж заасан байдаг. 8 сард ОХУ-ын Гэгээрлийн яамны ажлын хэсэг энэ сургууль дээр ирж ажиллаад эхний тодорхой асуудлуудаа тавьчхаад явчихсан. Эцэг эхээс төлбөр аваад байгаа зүйл нь ч бас ямар хууль дүрмээр зохицуулагдаж байгаа вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. 

Холбоотой мэдээ