Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч “Үлэмж органик” ХХК болон “Баялаг фийд” ХХК-д ажиллалаа

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2022-10-18 07:12:57
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч “Үлэмж органик” ХХК болон “Баялаг фийд” ХХК-д ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна.

Тэрбээр өнөөдөр “Үлэмж органик” ХХК болон “Баялаг фийд” ХХК-д ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч цар тахлын хүнд жилүүдэд үйл ажиллагаагаа тасалдуулалгүй, олон арван хүний ажлын байрыг хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад талархал илэрхийлэв.

Цаашид “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэгчдээ бүх талаар дэмжихийн зэрэгцээ, иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангахын төлөө төр, хувийн хэвшил хамтдаа хүчин чармайх нь чухал байгааг хэлэв.

“Үлэмж органик” ХХК 11 нэр төрлийн 30 шилэн савлагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. “Монтаримал” ХХК-ийн ферм нь жилд 370 гаруй тн сүү, 7 тн мах үйлдвэрлэдэг.

Мөн 310 га талбайд тэжээлийн манжин, овъёoс, вандуй, арвай зэрэг тэжээлийн ургамал тариалж, жилд 700 тн дарш, 550 тн ногоон тэжээл, 100 тн байгалийн хадлан бэлтгэдэг байна.

Улаан буудайн болон сүүний урамшуулал өгч байгаа нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд томоохон дэмжлэг болж байгааг “Үлэмж органик” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Далайжаргал хэллээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотоодын аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэ техник, технологи нэвтрүүлэх боломж бүрдэж байгааг хэлэв.

Цаашид малын тэжээл, бордоог НӨАТ-аас чөлөөлөх, хуурай сүүний импортыг бууруулах, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлбэл аж ахуйн нэгжүүд ирэх таван жилд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж чадна гэж үздэгээ Ерөнхийлөгчид танилцуулав.

Холбоотой мэдээ